Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хашаандаа нүцгэн явж байгаад Гүүглийн камерт өртсөн эр нөхөн төлбөр авахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Аргентин улсын шүүх Гүүгл компанийн Google Street View үйлчилгээний камерт нүцгэн бичигдсэн эрийн хохирлыг тус компаниар төлүүлэх шийдвэр гаргажээ.

2017 онд Аргентины нэг жижиг хотын гудамжаар явж байсан Гүүглийн камерт хоёр метрийн өндөр хашаан дотроо нүцгэн явж байсан хүн өртсөн юм байна.

Энэ бичлэгт түүний байшингийн дугаар, гудамжны нэр хүртэл бичигдэж байжээ.

Аргентины орон нутгийн телевиз энэ талаар сурвалжилсны дараа олны анхаарлын төвд орсон байна.

Камерт бичигдсэн эр үүний улмаас ажлын газрынхан болон хөршүүдийнхээ доог тохуу болж, нэр төрөө ихээхэн сэвтээсэн тул Гүүгл компанийн эсрэг шүүхэд гомдол гаргаж байжээ.

Гэвч өнгөрсөн онд анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Ингэхдээ түүнийг “гэрийнхээ арын цэцэрлэгт биеэ зохисгүй байдалтай авч явсан” гэж буруутгажээ.

Гүүгл компани бас тухайн үед хохирогчийн хашааг хангалттай өндөр байгаагүй гэсэн тайлбар өгсөн байна.

Харин давж заалдах шатны шүүх өчигдөр гаргасан шийдвэртээ Гүүгл компаниар хохирогчид $12,500-тай тэнцэх хэмжээний песо төлүүлэх шийдвэр гаргажээ.

“Энэ бол нийтийн эзэмшлийн газарт биш, хувийн орон зайд, дундаж биетэй хүнээс өндөр хашааны ард байсан хүнийг оруулсан бичлэг юм. Тиймээс хувийн нууцад халдсан нь илэрхий байна” гэж шүүхийн дүгнэлтэд бичсэн байна.

Мөн Гүүгл компанийг “бусдын хувийн орон зайд нэвтэрч, нэр төрийг нь гутаасан ноцтой алдааныхаа төлөө хариуцлагаас зайлсхийх үндэслэл байхгүй” гэж дүгнэжээ.

“Хэн ч эхээс төрсөн биеэрээ дэлхий нийтэд харагдахыг хүсэхгүй” гэж шүүх дүгнэлтдээ бичсэн байна.

Харин Гүүглийн бичлэгийг олон нийтэд түгээж, дуулиан дэгдээсэн Аргентины харилцаа холбооны Cablevision SA компани, мэдээллийн El Censor сайтын эсрэг гаргасан гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгожээ.

 

Эх сурвалж: AFP