Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого, арга хэрэгсэл болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа танилцуулав.
Тэрбээр "2025 оны нэгдүгээр сард төлбөрийн чадварын хүндрэлд орчихсон банк хүлээн авсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирлаа. Энэ хүрээнд өөрийн хөрөнгийг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрыг чиглэлийг долоодугаар сард багтааж гүйцэтгэнэ.
Мөн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж явуулахын тулд эх үүсвэр хэрэгтэй байсан. Өнгөрсөн 2023 онд бондуудын төлбөрийг хийхийн тулд гадаад зах зээл дээрээс 200 сая, дотоодын зах зээлээс 32 сая ам.долларын эх үүсвэр татаж өрийн дарамттай байсан. Энэ дарамтаас гарахын тулд амжилттайгаар гадаад бондыг арилжааллаа.
Татсан бондын өртөг өндөр байсан тул хүүгийн зардлыг 1.5-2 хувь бууруулсан. Эх үүсвэрийн дундаж хугацааг сунгаж чадсан.
Санхүүжүүлэлтийн хувьд хоёр гол зарчим барьж байгаа. Өмнөх шигээ чанаргүй зээлийн багц гаргахгүйн тулд зээл олголт дээр анхаарч байгаа. Олон улсын байгууллагатай хамтарсан зээлийн санхүүжүүлэлтийн бодлого барьж байна. Тус төсөл хэр амжилттай хэрэгжиж чадах шинжилгээг сайн хийнэ. Энэ чиглэлд салбар бүрийн 10 гаруй төсөл ирсэн.
Хоёрдугаарт нэг эдийн засагч зээлийг аваад судлахгүй, төсөл дээр багаараа ажиллана. Аж ахуйн нэгжүүд маань төслөө өөрийнхөө хэмжээнд боловсруулсны дараа бидэнтэй хамтарч, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч болно.
Үргэлжлүүлэн чанаргүй аквит буюу муу зээлээ хэрхэн төлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. З.Нарантуяа "Төсөл нь хэрэгжээд дуусчихсан. Үйлдвэрлэл нь баригдчихсан мөртлөө борлуулж болохгүй 907.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 7-8 төсөл байна.
Үүнийг дуудлага худалдаагаар зарах гэхээр заримынх нь зах зээлийн үнэлгээ маш их, заримынх нь маш бага. Бүх зээлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр авч очоод худалдан борлуулна гэвэл 5-10 жил хэрэгтэй болно. Тиймээс төслийн бодит үнэлгээг эхлээд хийх хэрэгтэй. Төслийн бодит үнэлгээг хийх дүрэм, журам манай улсад хараахан бүрдээгүй байгаа.
907.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 7-8 төслийн бодит үнэлгээг хийхээр гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Үнэлгээ гарангуут төслийг бодит болгохын тулд хэдэн төгрөгийн дахин санхүүжүүлэлт хэрэгтэй байгааг тодорхойлно. Хэрэв хөрөнгө оруулагчдад зарах бол хэдэн төгрөгөөр үнэлж худалдахыг нарийвчилж гаргана. Энэ ажлыг оноос өмнө хийж чадвал зээлүүдийг төлүүлж чадна. Хэрэв чадахгүй гэвэл 500 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал хүлээх эрсдэл байгаа.
Өнөөдрийн байдлаар бид 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийг төгрөгөөр болон хөрөнгөөр барагдуулсан. Үлдэж буй хагас жилд 448 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!