Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Astronomer компани шинэ сурталчилгаандаа Coldplay хамтлагийн дуучны экс гэргий Гвинет Пэлтроуг ашиглажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болсон Coldplay хамтлагийн тоглолтын үеэр дэгдсэн дуулиан Astronomer хэмээх Америкийн технологийн жижигхэн компанийг дэлхий нийтийн танил болгосон билээ.

Тоглолтын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон, хүний нөөцийн захирал Кристин Кэбот нар халуун дотноор тэврэлдэн зогсож байгааг үзэгчдийг чиглэсэн камерын дуран санамсаргүй харуулсан юм.

Гэр бүлээс гадуур харилцаа нь ингэж илчлэгдсэний дараа тэд хоёул дараалан албан тушаалаасаа огцроод байгаа.

Тэгвэл Astronomer компанийн шинэ удирдлага уг дуулианыг ашиглан өөрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахаар шийджээ.

Ингэхдээ Coldplay хамтлагийн дуучин Крис Мартиний экс гэргий, жүжигчин Гвинет Пэлтроуг уг сурталчилгаандаа ашигласан байна.

Сурталчилгааны дүрс бичлэгт Пэлтроу өөрийгөө түр хугацаагаар тус компанийн 300 гаруй ажилтныг төлөөлөх хүн болсныг танилцуулаад тэдний явуулдаг үйл ажиллагааных нь талаар нийтлэг асуултуудад хариулах хэлбэрээр ярьжээ.

Эцэст нь тэр “Astronomer компанийг сонирхсон та бүхэнд баярлалаа” гэж хэлснээр сурталчилгаа өндөрлөсөн байна.

Пэлтроу, Мартин нарын хувьд 2014 оны гуравдугаар сард салах болсноо зарлаж байв. Тэдний гэр бүлээ салгах үйл явц хуримаа хийснээс нь хойш 13 жилийн дараа буюу 2016 онд дуусаж байжээ.

Эх сурвалж: Business Insider