Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Фүкүока хотын метронд охид бүсгүйчүүдийг нууц камераас хамгаалах толь байрлуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Японы Фүкүока хотын захиргаа тус хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны өртөөнд нууц камераас охид бүсгүйчүүдийг хамгаалах толь байрлуулжээ.

Тэнжин зугаа цэнгээний дүүрэгт оршдог Нишитэцү Фүкүока өртөөний урсдаг шатан дээр уг толийг байрлуулснаар зорчигч араас нь нууцаар зураг авах үйлдлийг хянах боломжтой болсон байна.

Толийг тухайн дүүргийн бизнес эрхлэгчдийн холбоо хотын захиргаанд хандивлажээ.

“Харамсалтай нь нууц камерын хэрэг өдөр бүр гарсаар байна. Толь байрлуулснаар хохирогчийн тоо буурч, хүмүүс метрогоор тайван зорчдог болно гэдэгт найдаж байна” гэж өртөөний менежэр Акико Ямагүчи орон нутгийн телевизээр ярьсан байна.

Энэ оны эхний зургаан сарын хугацаанд Фүкүока мужид эмэгтэйчүүдийн хормой дороос камераар зураг авч, бичлэг үйлдсэн 110 хэрэг гарчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-аар өссөн үзүүлэлт болохыг цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Урсдаг болон алхдаг шатан дээр ийм хэрэг голчлон гардаг гэнэ.

зураг
 

Өнгөрсөн онд Япон даяар бүртгэгдсэн ийм хэргийн тоо 2023 оныхоос гурав дахин нэмэгдсэнийг хоёрдугаар сард Асахи сонин мэдээлж байв.

Өнгөрсөн долоо хоногт Токио хотод гал сөнөөгчөөр ажилладаг 43 настай эрэгтэй Чиба мужийн төмөр замын өртөөнд нууц камераар бичлэг үйлдээд баригдсан тухай Токио Репортер сайт мэдээлсэн байна.

Тэрбээр цүнхэн дотор нуусан гар утсаараа урсдаг шатаар өгсөж байсан эмэгтэйн банзлын хормой дороос бичлэг үйлдээд баригджээ.

Хохирогч эмэгтэй түүний сэжигтэй үйлдлийг анзаараад өртөөний цагдаагийн ажилтанд хандсан байна.

Баригдсан Тацүнори Сайка гэгч эр “Би галт тэргэнд богино банзал өмссөн эмэгтэйг харсан. Тэгээд түүний дотуур хувцсыг харахыг хүссэн юм” гэж мэдүүлжээ.

 

Эх сурвалж: News on Japan