АНУ, Ираны талууд хоорондын дайныг зогсоох санамж бичигт Баасан гарагт гарын үсэг зурахаар тохиролцжээ
АНУ, Ираны талууд “Ливаныг оролцуулаад бүх фронт дээр дайныг зогсоох” тохиролцоонд хүрснийг Пакистаны ерөнхий сайд Ням гарагт мэдээлжээ.
Уг тохиролцоог баталгаажуулах харилцан ойлголцлын санамж бичигт талууд Швейцар улсад, ирэх Баасан гарагт гарын үсэг зурахыг ерөнхий сайд Шехбаз Шариф бас мэдээлсэн байна.
Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп санамж бичиг батлагдмагц Ормузын хоолойгоор “газрын тос урсах болно” гэж амлажээ.
“Энэхүү аугаа гэрээ нь бүс нутаг даяар Энх тайван, Аюулгүй байдлыг авчрах болно. Надаас өмнө олон ерөнхийлөгч Ирантай энхийн гэрээ байгуулах гээд чадаагүй. Бүс нутгийн удирдагчид анх удаагаа өөрсдөд нь туслах ерөнхийлөгчийг оллоо. Баасан гарагт гэрээнд гарын үсэг зурмагц Ормузын хоолойг минанаас цэвэрлэх зорилгоор нээж, бүс нутаг даяар, дэлхий даяар газрын тос дахин урсаж эхлэх болно” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Харин Ираны армийн дээд командлагч Хатам аль-Анбия уг тохиролцоог АНУ, Израилийн “ялагдал” хэмээн тайлбарлажээ.
Ираны төв хэвлэлүүд ч бас уг үйл явдлыг өөрийн ялалт мэтээр харагдуулахыг хичээж байна.
Нөгөө талаас энэ нь АНУ-тай гэрээ байгуулахыг эсэргүүцэж байсан тус улсын хатуу чиг шугам баримтлагч улс төрчдийн шүүмжлэлийг няцаах гэсэн оролдлого бололтой.
Тэдний зарим нь гэрээ байгуулахад голлох үүрэгтэй оролцсон Ираны гадаад хэргийн яам, парламентын спикерийг дээд удирдагч агсан Аятолла Али Хаменигийн үзэл санаанаас “урвасан” хэмээн буруутгаж байна.
Хамени нь дайн эхэлсэн хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн агаарын цохилтод амиа алдсан юм.
Тэрбээр алагдахаасаа хэдэн долоо хоногийн өмнө АНУ-тай тохиролцох нь “ухаалаг бус үйлдэл”, улс орных нь асуудлыг “шийдэх гарц биш” гэж хэлж байжээ.
Ираны төв телевиз өчигдөр АНУ-тай байгуулах санамж бичигт тусгагдсан 14 зүйлийн талаар мэдээлсэн байна.
Гэхдээ эдгээрийг өмнө яригдаж байсан гэрээний төсөлд багтсан зүйлс, албан ёсоор эцэслэн батлагдсан эсэх нь тодорхойгүй байгааг тайлбарлажээ.
- Ливаныг оролцуулаад бүх фронт дээр урт хугацаанд гал зогсоох
- Ираны дотоод хэрэгт оролцохгүйгээ АНУ амлах
- АНУ-ын тэнгисийн бүслэлтийг 30 хоногийн дотор цуцлах
- АНУ зэвсэгт хүчнээ Ираны ойр орчмоос татах
- Ормузын хоолойг Ираны оролцоотойгоор 30 хоногийн дотор нээх
- АНУ болон түүний холбоотнууд доод тал нь $300 тэрбумын дүнтэй Ираны сэргээн босголтын төлөвлөгөөг ирүүлэх
- Ираны газрын тос, эрчим хүчний хоригийг цуцлах
- Иран улс цөмийн зэвсэг бүтээхгүйгээ дахин амлах
- АНУ тус бүс нутагт зэвсэгт хүчнээ нэмэгдүүлэхгүй, шинэ хориг арга хэмжээ авахгүй байхаа амлах зэрэг нөхцөлүүд багтсаныг мэдээлсэн байна.
Их Британи, Франц, Герман, Итали улсуудын удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ дайныг дуусгах тохиролцоонд хүрсэн АНУ, Ираны талуудад баяр хүргээд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

