Трампын 80 насны ойг тохиолдуулан Путин, Зеленский нар түүнтэй тус тусдаа утсаар ярьжээ

Т.Давааням, ikon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай 80 насных нь ойг тохиолдуулан тус тусдаа утсаар ярьжээ.

Энэ долоо хоногт болох Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний чуулганы нэг чухал асуудал Украины дайн байх юм.

Путин, Трамп нарын яриа нэг цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилснийг ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

Трамп дайсагналыг зогсоохын чухлыг онцолж, энэ зорилгоор Их Долоогийн чуулганы үеэр Европын холбоотнууд болон Киевийн эрх баригчдад нөлөөлөхөд бэлэн байгаагаа илэрхийлснийг Ушаков баталсан байна.

Мөн Оросын иргэний байгууламжуудад довтолж буй Украины үйлдлийг шүүмжилж, дайныг хурдан дуусгах нь “АНУ-Оросын харилцааг шинэ түвшинд гаргах”-ыг Трамп амласан тухай тэр мэдээлжээ.

Харин Цагаан ордон Трамп, Путин нарын хооронд ийм зүйл яригдсаныг хараахан батлаагүй байна.

Путин энэ үеэр Оросын газар нутгийн гүнд явуулж буй халдлагууд фронтын шугам дээрх Украины байр суурийг өөрчилж чадахгүй гэж үзэж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгчид илэрхийлсэн гэнэ. Бас Зеленский өөртэй нь уулзахыг хүсвэл Москвад ирэх хэрэгтэйг хэлснийг Ушаков мэдээлжээ.

Тэгвэл Зеленский өөрийн сошиал хуудсанд Трамптай “гайхалтай сайхан яриа” өрнүүлснээ бичсэн байна.

Энэ үеэр тэр АНУ-ын ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэж, Украиныг дэмжиж байдагт талархал илэрхийлсэн гэнэ.

Тэд энх тайвныг авчрахад “юу хэрэгтэй” талаар хэлэлцсэн тухай Зеленский мэдээлсэн ч энэ талаар дэлгэрүүлээгүй байна.

“Бид Их Долоогийн дээд хэмжээний чуулганы үеэр илүү их зүйл ярилцахаар тохиролцсон” гэж тэр мэдээлжээ.

Ням гарагт Цагаан ордны хашаанд холимог тулааны тэмцээн байгуулж, төрсөн өдрөө тэмдэглэсэн Трамп шөнө нь Их Долоогийн уулзалтад оролцохоор Франц улс руу нисэхээр төлөвлөсөн байна.

Мягмар гарагт Их Долоогийн удирдагчид Украины дайны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд үүнд Зеленский биечлэн оролцох юм.

 

Эх сурвалж: Associated Press