Дайн дуусгах гэрээг Ням гарагт байгуулах гэж байгааг Трамп мэдэгдсэн ч Ираны тал үүнийг нь няцаав

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын дайныг зогсоох анхны хэлэлцээрийг Иран улстай Ням гарагт байгуулах гэж байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Гэвч Тегераны эрх баригчид түүний хэлсэн хугацааны хувьд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Трамп өчигдөр бас гэрээнд гарын үсэг зурагдмагц дэлхийн эрчим хүчний тээврийн чухал зам Ормузын хоолой бүрэн нээгдэхийг амлажээ.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф талууд энхийн гэрээний ерөнхий нөхцөлүүдийг тохиролцсон бөгөөд цахимаар гарын үсэг зурах үйл ажиллагаа Ням гарагт төлөвлөгдсөн, техникийн асуудлуудыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх гэж буйг мэдээлсэн байна.

“Бид маргааш шууд зурахгүй, санамж бичигт гарын үсэг зурах огноог тохиролцохын тулд хугацаа хэрэгтэй” гэж Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей хэлснийг тус улсын төв хэвлэл Бямба гарагт мэдээлжээ.

Дайтагч талууд хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайныг дуусгахад ойрхон байгаагаа өмнө нь ч мэдэгдэж байсан.

Гэхдээ Пакистаны ерөнхий сайд Шариф “энэ удаа урьд өмнөхөөс илүү ойрхон болсон” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.

“Иран улс Ормузын хоолойг нээх нь тохиролцооны нэг нөхцөл. Ямар ч төлбөр хураамжгүй нээгдэх ёстой. Тэд үүнийг хийвэл бид хоригоо цуцална” гэж АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтан Бямба гарагт мэдээлжээ.

Дараагийн шат нь хоолойг минагүйжүүлэх ажил бөгөөд үүнд бусад улс орнуудыг оролцуулах асуудлыг АНУ-ын засаг захиргаа удахгүй болох Их Долоогийн бүлгийн уулзалт дээр дэвшүүлэх гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Иран улс Ормузын хоолойг нээсний хариуд АНУ тус улсын гадаадад битүүмжлэгдсэн хөрөнгийг чөлөөлж, газрын тосны экспортын хоригийг цуцлах ажээ.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг 60 хоногийн хугацаанд үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.

АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр энэхүү яриа хэлэлцээ нь Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, өндөр баяжуулсан ураны нөөцийг нь устгах болон шилжүүлэх зорилготой байх гэнэ.

Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи тус улс цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй, баяжуулсан ураны нөөцөө шингэрүүлсэн хэлбэрээр хадгалж үлдэх сонирхолтой байгааг Баасан гарагт хэвлэлд ярихдаа илэрхийлсэн байна.

Дайнд оролцогч өөр нэг тал болох Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху улс орон нь уг гэрээнд нэгдэхгүйг мэдэгджээ. Гэвч Аракчи гэрээнд Израиль улсын Ливанд явуулж буй дайныг зогсоох, цэргийг нь тус улсаас гаргах нөхцөл байгааг баталсан байна.

Энэ мэт тодорхойгүй зүйлс олон байгаа ч дотоод улс төрийн нөхцөл байдлын улмаас дарамт шахалтад орсон Трамп ямар нэг гэрээ байгуулахаар яаравчилж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Reuters