Ромын папын онгоц эвдэрсэн тул Испанийн хааны хувийн нисэх онгоцоор нутаг буцжээ
Испани улсад долоо хоногийн хугацаатай айлчилсныхаа дараа Ромын католик шашны тэргүүн Лео өчигдөр нутаг буцах ёстой байсан ч онгоц нь эвдэрсний улмаас саатжээ.
Папыг тээвэрлэх үүрэгтэй Iberia компанийн түрээсийн нисэх онгоц техникийн гэмтлийн улмаас Баасан гарагт Ром руу нисэх боломжгүй болсон тул Испани улсын хаан VI Фэлип түүнд хувийн нисэх онгоцоо санал болгосон байна.
Канарын арлуудын Санта Круз де Тенериф нисэх буудалд хаантан папыг өөрийн Falcon нэртэй онгоцонд суулгаад үдэн гаргаж өгсөн юм.
Уг саатлын улмаас пап анхны төлөвлөгөөнөөсөө гурван цаг гаруй хугацааны дараа аяллаа эхэлсэн байна.
Лео өмнө нь Мадрид, Барселон хотууд, Канарын арлуудад зочлоход онгоц нь сааталгүй ниссэн юм. Гэвч буцах нислэгийн өмнө ийнхүү саатсан байна.
Iberia компанийн мэдээлснээр папыг суусны дараа нисгэгч онгоцныхоо хөдөлгүүрийг асаах гээд чадаагүй гэнэ. Хөдөлгүүрийг засварлах эхний оролдлого амжилт олоогүй тул зорчигчдыг буулгажээ.
Хааны онгоцонд багтаагүй үлдсэн Ватиканы албан хаагчид, сэтгүүлчдийг тээвэрлэх нэмэлт онгоцыг Мадридаас илгээснээ Iberia мэдээлсэн байна.
Энэ бол сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Ромын католик шашны тэргүүний нисэх онгоц саатаж, унаагаа солиход хүрсэн анхны тохиолдол ажээ.
1986 онд Энэтхэгээс буцаж явсан II Иоан Павелын онгоц Ромд цасан шуурга болж байсны улмаас Неапольд газардаж, дараа нь галт тэргээр аяллаа үргэлжлүүлж байсан гэнэ.
1988 онд мөн Лесото улсыг зорьсон Иоан Павелын онгоц цаг агаарын нөхцөл байдлын улмаас Өмнөд Африкийн нутагт газардаж, цааш автомашинаар зорчиж байжээ.
Тухайн үед арьс өнгөөр ялгаварлах апартеид дэглэмтэй байсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдан Улс папын айлчлалын төлөвлөгөөнд байгаагүй юм.
Ромын папын гадаад айлчлалын үеэр ихэвчлэн Италийн үндэсний агаарын тээвэрлэгч ITA Airways компани Ватиканы төлөөлөгчдийг зорьсон газарт нь хүргэдэг. Харин дотоодын болон буцах нислэгийг нь тухайн хүлээн авагч улс хариуцдаг байна.
Гэхдээ папын аялал урт хугацаатай, эсвэл хүлээн авагч улсад боломж байхгүй бол ITA бүх нислэгийг нь хариуцдаг ажээ.
Испанийн дотоод нислэгүүдийн үеэр тус улсын армийн сөнөөгч онгоцнууд папыг дагалдан хүндэтгэл үзүүлж байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

