Рамзан Кадыровын хүү хоёр дахь удаагаа Чеченийн баатар цолоор шагнуулжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Магомед Даудов, Адам Кадыров нар

Рамзан Кадыровын 18 настай хүү Адам “Чеченийн баатар” цолоор хоёр дахь удаагаа шагнуулсныг Кадыровын ойрын холбоотнуудын нэг Магомед Даудов өөрийн Телеграм сувгаар Баасан гарагт мэдээлжээ.

Шагнуулсан шалтгааныг Украины эсрэг Оросын дайнд “тал бүрийн дэмжлэг үзүүлсэн” гэж тайлбарласан байна.

Шагналыг “Оросын өдөр” үндэсний баярын арга хэмжээг тохиолдуулан өгснийг Даудов мэдэгдэлдээ дурджээ.

Адам өмнө нь 2023 онд 15 настайдаа Коран судрыг шатаасан хэргээр Оросын урьдчилсан саатуулах төвд хоригдож байсан сэжигтнийг зодсоныхоо төлөө авч байв.

Энэ нь хууль бус үйлдэл байсан ч Оросын эрх баригчид “нүдээ аниад” өнгөрөөсөн юм.

Тэр үеэс хойш Адам эцгээсээ олон тооны шагнал хүртэж, Чеченийн хэд хэдэн өндөр албан тушаалуудад томилогдоод байгаа.

Даудов сая зарлахдаа түүний Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүний туслах, Чеченийн аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалуудыг нь дурджээ.

Даудов өөрөө Чеченийн хоёр дайны аль алинд нь салан тусгаарлагчдын талд байлдаж байсан ч тухайн үеийн удирдагч Ахмат Кадыровын өршөөх амлалтын дараа талаа сольж, улмаар 2007 онд Орос улсын баатар цолоор шагнуулж байсан юм.

 

Эх сурвалж: The Moscow Times