Швейцарын иргэд хүн амынхаа тоог 10 сая дээр хязгаарлах асуудлаар саналаа өгөх гэж байна
Өнөөдөр буюу Ням гарагт Швейцар улсад хүн амынхаа тоог 10 сая дээр хязгаарлахыг зөвшөөрөх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдах гэж байна.
Цагаачлалын эсрэг энэхүү алхмыг тус улсын баруун жигүүрийн Ардын Нам дэмжиж байгаа бөгөөд орон сууц, нийтийн үйлчилгээ, хүрээлэн буй орчны дарамтыг бууруулах зорилготой “тогтвортой хөгжлийн санаачилга” гэж үүнийг тодорхойлжээ.
Гэвч нөгөө талаас үүнийг Швейцарт ажиллах хүчний хомсдол үүсгэж, Европын Холбоотой тогтсон харилцаанд хохирол учруулах “эмх замбараагүй байдлын санаачилга” гэж үзэх улс төрийн намууд, бизнесийн төлөөлөгчид бас байгаа юм.
Швейцарын хүн ам 2002 онд 7.3 сая байсан бол сүүлийн жилүүдэд хурдтай өсөж, одоо 9.1 саяд хүрээд байгаа.
Үүний 27 хувь нь гадаадад төрсөн хүмүүс байна.
Тус улс шууд ардчиллын тогтолцоотой бөгөөд томоохон асуудлыг бүх нийтийн санал хураалтаар шийддэг юм.
Ийм санал хураалтыг орон даяар зохион байгуулах эрх авахын тулд 100,000 хүний гарын үсэг цуглуулахад хангалттай.
Сүүлийн үеийн судалгаагаар энэ санал хураалтын дэмжсэн, эсэргүүцсэн саналын тоо ойролцоо гарах магадлалтай байна.
Сонгогчдын 52 хувь нь хүн амын тоонд хязгаар тогтоохыг эсэргүүцэж, 45 хувь нь дэмжиж байгаа гэсэн таамаг гарсан ч олон сонгогч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна.
Санал хураалтыг санаачлагчдын тавьж буй нөхцөлөөр бол Швейцар улс 2050 он гэхэд хүн амынхаа тоог 10 саяас хэтрүүлэхгүй байх ёстой.
Хэрвээ энэ тоо 9.5 саяд хүрвэл засгийн газар цагаачлалаа хязгаарлах арга хэмжээ авч эхлэх ёстой гэнэ. Энэ тохиолдолд Швейцар улс гадаадын цагаачдад орогнол олгохоо хязгаарлаж, гадаад ажилчдын гэр бүлээ авчрах эрхийг цуцлах ажээ.
Бас ингэж хязгаарласан тохиолдолд Европын Холбоотой байгуулсан хүмүүсийн чөлөөтэй зорчих эрхийг дэмжсэн гэрээ цуцлагдах юм.
Тиймээс эсэргүүцэгчид нь үүнийг бас нэг “Brexit” буюу Их Британи улс Европын Холбооноос гарсантай дүйцэх үйл явдал болно гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
