Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих "Төв аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл"-ийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 614 дэх, Төв аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 131,411 ам.доллар юм.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: Япон Улсын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!