Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тайланд, Камбож улсууд хилийн мөргөлдөөнөө зогсоохоор болсныг АНУ-ын ерөнхийлөгч зарлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн өдрийн турш Тайланд, Камбож улсуудын хооронд үргэлжилсэн хилийн зэвсэгт мөргөлдөөн зогсохоор болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

Хоёр улсын удирдагчидтай утсаар ярьсны дараа ийм тохиролцоонд хүрснийг тэр тайлбарласан байна.

Шотландын гольфын талбайдаа хийсэн хувийн айлчлалынхаа эхэнд Трамп “Хоёр улс нэн даруй уулзаж, галаа зогсоож, эцэст нь энх тайвныг тогтоохоор тохиролцлоо” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Тайландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай тус улс “гал зогсоохыг зарчмын хувьд зөвшөөрсөн” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ энэ асуудалд Камбожийн талын хариуг хүлээж байгаагаа бас мэдэгджээ.

Долдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн мөргөлдөөний үеэр нийтдээ 33 цэрэг, энгийн иргэн алагдаж, Тайланд, Камбожийн олон мянган иргэн хилийн бүс нутгаас дүрвээд байна.

Трамп бас хоёр улстай худалдааны гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ч мөргөлдөөн зогсох хүртэл ингэх боломжгүй байгааг мэдэгджээ.

АНУ-ын худалдааны түнш орнуудтайгаа гэрээгээ шинэчлэх хугацаа наймдугаар сарын нэгэнд дуусах гэж байгаа.

Хэрвээ энэ хугацаанд гэрээ байгуулж амжихгүй бол Тайланд, Камбож улсууд АНУ-д бараа бүтээгдэхүүнээ 36 хувийн татвартай нийлүүлдэг болох юм.

Баасан гарагт Тайландын гадаад хэргийн сайд Марис Сангиампонса “Бидэнд гуравдагч орны зуучлал одоохондоо хэрэггүй” гэж хэлж байв.

Гэтэл ганцхан өдрийн дараа хоёр улс гал зогсоохоор тохиролцсон нь Трамп худалдааны яриа хэлэлцээг хөшүүрэг болгон ашигласантай холбоотой байж болзошгүй юм.

“Бүх зүйл дуусаж, энх тайван тогтох цаг ирэхэд би хоёр улстай худалдааны гэрээ байгуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.

Зуу гаруй жилийн өмнө Францын колоничлогчид Камбожийг эзлэхдээ Тайланд, Лаос улсуудтай залгаа хилийг тогтоож өгсөн нь одоог хүртэл маргаантай байдаг.

Өнгөрсөн тавдугаар сард энэ хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр Камбожийн нэг цэрэг алагдсан нь хоёр улсын харилцааг эрс муутгасан юм.

 

Эх сурвалж: BBC