Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: УИХ-ын гишүүд төсөвт санал өгөх, иргэдийн хүсэлтийг уламжлах үүрэгтэй. Үүнд нь Засгийн газар хүндэтгэлтэй хандана

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны төсвийн төслийг төлөвлөх шатны үйл явц үргэлжилж буйтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тухайн жилийн төсвийг төлөвлөх процесс нь өмнөх жилийн төсөв батлагдмагц эхэлдэг.

УИХ жил бүрийн зургаадугаар сарын 1-нд дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг баталдаг. Үүнээс хойш төсвийн төлөвлөлтийн оргил үе эхэлдэг. 

Яамд зургаадугаар сарын 1-ээс долоодугаар сарын 25-н хүртэл ирэх жилийнхээ төсвийн саналаа ирүүлдэг. Энэ саналын дагуу Сангийн яам нэгтгэж, наймдугаар сарын 15-нд Засгийн газарт танилцуулаад есдүгээр сарын 1-нд өргөн барьдаг. Өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө яамдын Төсвийн ерөнхийлөн захирагч нар ирэх оны төсвийн саналаа Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байна.

Саяхан хийсэн төсвийн тодотгол их чухал байлаа. Цаг хугацааны хувьд эхний хагас жил тодотгол хийхгүй хойшлуулсан нь гадаад нөхцөл байдал, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай холбоотой. Төсвийн тодотголоор хасагдсан зардлыг ирэх оны төсөвт буцааж тавих ойлголт байхгүй.

Есдүгээр сарын 1-нд өргөн барих төсөв маань нэлээн хумигдаж орж ирнэ. Саяхан батлагдсан төсвийн тодотголоос давахгүйгээр ирэх жилийн төсөв орж ирэх төлөвлөлт хийнэ. 

Төсөв маань гурван үе шаттай явдаг. Төсвийг төлөвлөх нь Засгийн газарт, батлах нь УИХ-д, биелүүлэх нь Засгийн газарт бий. 2026 оны төсвийг төлөвлөх үе шатанд иргэд, гишүүдээс санал авах үүрэгтэй.

УИХ-ын гишүүд нь төсөвт санал өгөх, иргэдийн хүсэлтийг уламжлах үүрэгтэй хүмүүс. Тиймээс Засгийн газар хүндэтгэлтэй хандаж, гишүүдээс ирж буй саналыг хүлээн авч судлах үүрэгтэй. Гэхдээ Засгийн газар төсвөө төлөвлөхдөө 5-6 шаардлагыг байнга тавьдаг бөгөөд үүнийг хангасан байх ёстой. 

УИХ-ын гишүүд болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирж буй саналууд төсвийн төсөл дээр шууд сууна гэж байхгүй. УИХ-ын гишүүд төсвийн ямар ч шатанд санал өгөх эрхтэй" хэмээн мэдээлэл өглөө.