Жүдогийн Улаанбаатарын Их Дуулга тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Яармагийн Мөсөн өргөөнд болж буй энэ тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг болон эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг-ын жинд өрсөлдөв.
Их Дуулга ангиллаар гурав дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд өнөө жил 28 орны 236 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 28 тамирчин хүч үзэхээр нэрээ өгсөн билээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон 19 настай М.Нандин-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв. Тэрбээр эхний даваанд БНХАУ-ын Ван Жиа, хоёрдугаар тойрогт Казахстаны Толганай Абеуова, хэсгийн аваргын төлөө Францын Астрид Нетог буулган авсан ч шигшээд Японы Фүжиширо Кокород ялагдсанаар Их Дуулга ангиллын тэмцээнээс анхны медалиа хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А.Мишээл, 57 кг-ын жинд Л.Сосорбарам нар хүрэл медаль зүүв.
Тэмцээний эхний өдөр Японы баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол Олон Улсын Жүдогийн Холбоо буюу IJF-ын нэр дээр барилдаж буй тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, Узбекистан нэг алтан медаль авлаа.
Их Дуулгад түрүүлсэн тамирчин чансаандаа 1,000 оноо авах бол мөнгөн медаль 700, хүрэл 500 оноотой. Тэмцээнд оролцсон тамирчин 10, нэг ялбал 100 оноог чансаандаа нэмэрлэх боломжтой аж.
Түүнчлэн алтан медалийг 5,000 евро, мөнгөн медаль 3,000 евро, хүрлийг 1,500 еврогоор байлна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!