Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" баг Саудын Арабын "Team Falcons"-ийг хожсоноор Playoffs шатанд тоглох эрхтэй боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын дэлхийн цуврал тэмцээний нэг болох "Intel Extreme Masters Cologne 2025" Герман улсад тав дахь үргэлжилж байгаа билээ.

1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг бүрээс гурван баг Playoffs шатанд шалгарна.

Манай улсын "The MongolZ" багийн хувьд дэлхийн чансааны оноогоор А хэсэгт уригдаж оролцож байна. Тэд өчигдөр хэсгийнхээ эхний тоглолтыг Францын "3DMAX" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 2:0-оор ялалт байгуулсан. 

Өнөөдөр хоёр дахь тоглолтоо Саудын Арабын "Team Falcons" багтай "Во3" журмаар хийж, 2:0-оор ялалт байгуулснаар Playoffs шатанд тоглох эрхээ баталгаажуулж байна. Playoffs шатанд шалгарсан шилдэг зургаан багийн тоглолтууд наймдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Манай улсын баг хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарахын төлөө Францын "Team Vitality" болон Европын "G2 Esports" багийн аль хожсонтой нь энэ сарын 29-ны 22:00 цагт тоглох юм. Хэрэв хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарвал энэ тэмцээний шөвгийн дөрөвт шууд тоглох эрхтэй болно.

Өнөөдрийн тоглолтод "The MongolZ"-ийн тамирчид Саудын Арабын багийн сонгосон "Dust II map" дээр 13:9, өөрсдийн сонгосон "Mirage map" дээр 13:9 онооны харьцаатай хожлоо. Энэ тоглолтын шилдгээр Senzu буюу М.Азбаяр тодорч байна.

Саудын Арабын "Team Falcons"-ийн хувьд NiKo, m0NESY, kyousuke зэрэг өндөр зэрэглэлийн тамирчдаас бүрдсэн, дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт бичигдэж буй хүчирхэг баг билээ. Манай багийн хувьд "Team Falcons"-той хоёр дахь удаагаа таарч тоглож, хоорондын хожлын харьцааг 1:1 болгож байна.

зураг