Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хариуцлагатай салютын хэрэглээ ба иргэд, байгууллагуудын анхаарах зүйлс” сэдвээр "Очир Ундраа" ХХК-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Салют нь тэсэрч дэлбэрэх бодис учир хууль, дүрэм журмынхаа дагуу гаалийн хяналтад тодорхой тоо хэмжээгээр тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд оруулж ирэх ёстой байдаг аж. Гэвч фэйсбүүкээр, хувь хүний гар дээрээс маш их хэмжээгээр хууль бус салют зарагдаж байгаатай холбоотойгоор үүсэх эрсдэл өндөр болж байна гэдгийг тус компаниас онцоллоо.
Зуны шоу цэнгээн их болж байгаа энэ үед дурын хэн нэгэн дуртай газраасаа салют буудуулж байгаа нь эргэн тойрныхоо объектыг шатаах, хүнийг түлэх зэрэг эрсдэлийг үүсгэж байгаа аж.
Түүнчлэн энэхүү тэсэрч дэлбэрэх бодисыг дурын хэн нэгэн нь олон хүн цугласан газар зөвшөөрөлгүй, тоноглоогүй техникээр зөөвөрлөж байгаа нь санамсаргүй байдлаар гал алдаж тэсэрч дэлбэрвэл хамрах хүрээ нь маш өндөр байна. Иймд уг асуудалд анхаарах хэрэгтэй байгааг сэрэмжлүүллээ. Иргэд хувьдаа авах бол заавал тусгай зөвшөөрөлтэй компаниас заавар зөвлөгөө авч ашиглахыг зөвлөв.
Хуурайшилтын үе буюу гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэл болон есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хооронд салют буудуулахыг хуулиараа хориглодог байна. Иймд фэйсбүүкт хувь хүний гар дээрээс зарагдаж буй салютыг шалгаж өгөхийг хүсэж байгаа юм байна.
"Очир Ундраа" ХХК-тай адил салют зарах, буудуулах адил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хэдэн компани байдгийг хуулийн байгууллагаас нийтэд ил тод мэдээлэхийг хүслээ. Түүнчлэн өмнө нь томоохон тоглолтууд дээр тус компанийн авсан зөвшөөрөл дээр өөр компани очоод салют буудуулсан тохиолдол гарч байжээ. Энэ нь эргээд асуудал үүсвэл тус компани эрсдэлд орж, нэр төр нь сэвтэх эрсдэлтэй байдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!