Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг цахилгаан автомашины Тесла компани Энэтхэгт үйлдвэр байгуулах сонирхолгүй байгааг тус улсын хүнд аж үйлдвэрийн сайд мэдээлжээ.
Энэтхэгийн эрх баригчид энэ оны гуравдугаар сард дэлхийн томоохон цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалтыг татах бодлогоо танилцуулсан юм. Тэгвэл тэр үеэс хойш Теслагийн үйлдвэр байгуулагдах найдлага тасарсныг анх удаа хүлээн зөвшөөрч байгаа нь энэ ажээ.
“Mercedes Benz, Skoda-Volkswagen, Hyundai Kia компаниуд Энэтхэгт үйлдвэрлэл явуулах сонирхлоо илэрхийлсэн. Теслагийн хувьд бидэнд найдлага байхгүй” гэж сайд Кумарасвами өнгөрсөн Даваа гарагт болсон арга хэмжээний үеэр ярьсан байна.
Өөр албаны эх сурвалжийн мэдээлснээр автомашин үйлдвэрлэгчидтэй хийсэн эхний ээлжийн уулзалтад оролцсон Теслагийн төлөөлөгч хоёр, гурав дахь уулзалтуудад ирээгүй гэнэ.
Хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Тесла үйлдвэрээ Энэтхэгт байгуулбал “шударга бус зүйл” болохыг анхааруулж байжээ.
Үүнээс өмнө Тесла зах зээлд нь нэвтрэх асуудлаар Энэтхэгийн талтай хэд хэдэн удаа яриа хэлэлцээнд орж байсан юм.
2022 онд Энэтхэгийн засгийн газар үйлдвэрээ байгуулах саналыг анх Теслад тавьж байжээ.
Энэтхэгийн зах зээлд нэвтрэх зөв цагийг олохыг хичээж байгаагаа 2023 онд Маск хэлж байв.
Тэрбээр энэ оны эхээр Вашингтон хотод Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа технологи, инновацын салбарт хамтран ажиллах “асар их” боломжийн талаар ярилцсан юм.
Өнгөрсөн онд Энэтхэг улс гурван жилийн дотор $500 саяын хөрөнгө оруулж, үйлдвэрлэлээ эхлүүлэх гадаадын компаниудын цахилгаан автомашины импортын татварыг бууруулах урамшууллыг зарлаж байжээ.
Энэтхэгийн импортын өндөр татвар зах зээлд нь нэвтрэхэд саад болж буйг Илон Маск гомдоллосны дараа ийм арга хэмжээ авч байв.
Гэхдээ Энэтхэгийн цахилгаан автомашины зах зээл Теслагийн үйлдвэрийг байгуулах хэмжээнд хүрээгүй гэж шинжээчид үздэг.
Одоо тус улсын нийт автомашины борлуулалтын ердөө гурав хүрэхгүй хувийг цахилгаан автомашин эзэлдэг юм байна.
Үнийн хувьд одоо Энэтхэгт зарагдаж буй цахилгаан автомашинуудын үнэ Теслагийн хамгийн энгийн загварын үнийн хагас орчимд байдаг гэнэ.
Үүнээс гадна Энэтхэгийн орон нутгийн замын нөхцөл байдал, цэнэглэх дэд бүтцийн хөгжил Теслагийн нэвтрэлтэд саад болохоор байгаа юм байна.
Энэтхэгийн Тата Моторс компани одоо тус улсын цахилгаан автомашины зах зээлийн 60 хувийг хангадаг. Дараа нь Энэтхэгийн JSW болон Хятадын компанийн хамтран эзэмшдэг MG Motors 22 хувьтайгаар удаалдаг ажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!