Япон улсын Нагояа хотын захиргаа ажлын цагаар юу ч хийлгүй зогсох үүрэгтэй ажлын байр бий болгож, хүмүүсийг цалинжуулж эхэлжээ.
Олон жилийн өмнөөс Японд урсдаг шатаар боловсон зорчих ёс зүйн дүрэм бий болж байв. Нийслэл Токио болон зүүн бүсийн хотуудад хэрвээ урсдаг шат хоёр хүн зөрөх хэмжээний өргөн бол зүүн талд нь зогсох, баруун талаар нь алхаж өгсөх/уруудах дүрэмтэй болсон байна.
Осака болон баруун бүсийн хотуудад энэ байрлал эсрэгээрээ солигдсон ч ерөнхий дүрэм нь ижил байжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд урсдаг шатаар алхах нь аюултай гэж үзэх болсон тулд эрх баригчид хүмүүст шатны аль ч талд хөдөлгөөнгүй зогсож зорчихыг зөвлөдөг болсон байна.
Нагояа хотын захиргаа энэ дүрмийг хэрэгжүүлэх захирамж гаргаж байжээ.
Гэсэн хэдий ч хэрэгжилт нь муу байсан тул үүнийг зохицуулах ажлын байр бий болгосон байна.
Тус бүр гурван хүнээс бүрдэх Нагояагийн Зогсох, Зогсоох Корпус хэмээх багууд өдөр өдрөөр хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудад дүрэм сахиулах үүргийг гүйцэтгэдэг болжээ.
Тэдний ажил бол нуруундаа анхааруулгын бичигтэй том гарны дүрс зүүгээд урсдаг шатны хүмүүсийн алхдаг хэсэгт зогсож, дээш доош олон цагаар явах гэнэ.
Тэдний нуруунд “Тайван зогсоно уу” гэсэн утгатай бичиг байдаг ажээ.
Корпусын баг бүр нэг урсдаг шатанд зургаан цаг ажилласны дараа газраа сольдог байна.
Баг тус бүрийн ахлагч өдрийн 16,000 иений ($110) цалинтай бол нөгөө хоёр ажилтан нь 6,500 иен ($45) авдаг гэнэ.
Энэ нь ихэнх жижиглэн худалдааны болон рестораны цагийн ажилтай харьцуулахад хамаагүй өндөр цалин юм байна. Нөгөө талаас зөвхөн “хоёр хөл дээрээ зогсож чадах” ажлын байрны ур чадварын шаардлагатай нь харьцуулахад муугүй мөнгө гэнэ.
2024 онд Нагояа хотын захиргаа уг корпусыг сард дөрвөөс таван удаа тус хотын 19 метроны өртөөнд ажиллуулж туршжээ.
Ингэхэд хүмүүсийн дүрэм баримтлах явдал сайжирсан нь ажиглагдсан тул цааш үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна.
Эх сурвалж: Japan Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|