Дэлхийн Боксын Холбоо (World Boxing) өнгөрсөн долоо хоногт дүрмийн өөрчлөлт хийж буйгаа зарласан юм.
Тодруулбал олимпын аварга, Алжирын боксчин Иман Хелифийг хүйс тогтоох шинжилгээнд хамрагдах хүртлээ боксын тэмцээнд оролцохыг хориглосон утгатай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.
Парисын олимпын аварга И.Хелиф болон Тайванийн Лин Ю Тин нарыг өмнөх Олон Улсын Боксын Холбоо (IBA)-ноос хүйсийн шинжилгээнд бүдэрсэн тул 2023 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хасаж байв.
Тэгвэл Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос IBA-гийн тэмцээн зохион байгуулах эрхийг хассаны дараа Хелиф болон Лин нарыг Парисын олимпод оролцохыг зөвшөөрсөн билээ.
Тэмцээнд оролцогчид паспорт дээрээ "эмэгтэй" гэж бичигдсэн бол Парисын олимпын эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх эрхтэй гэж ОУОХ мэдэгдэж байв. Мөн И.Хелифийг трансжендер биш гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.
Харин Дэлхийн Боксын Холбоо өнгөрсөн Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ тэмцээнд оролцох гэж буй эрэгтэй, эмэгтэй 18-аас дээш насны бүх тамирчид полимеразын гинжин урвалын шинжилгээ буюу PCR хийлгэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Хүйсийн маргаантай байгаа алжир боксчин энэ сарын 5-наас 10-ныг дуустал Эйндховены Цомын тэмцээнд оролцохоор төлөвлөж буй юм.
Тэгвэл Дэлхийн Боксын Холбооноос дээрх мэдэгдлийг гаргахдаа И.Хелифийн нэрийг онцлон дурдсандаа уучлалт гуйж, тус холбооны тэргүүн Борис ван дер Хорст Алжирын боксын холбоонд хандан захидал илгээжээ.
Тамирчдын аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авч байгаагаа учирласан захидлыг Хелифт ч давхар илгээсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!