Уншиж байна ...

Украины жүдочид ДАШТ-д оролцохгүй гэдгээ илэрхийлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Беларусийн шигшээ багийг энэ сарын 1-нээс эхэлж олон улсын тэмцээнд оролцох боломжтой болсныг Украины жүдогийн холбоо эсэргүүцэв. Тэд энэ сарын 13-наас 19-нийг дуустал Унгарын Будапешт хотод болох жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.

Украины жүдогийн холбоо дээрх шийдвэрээ өнгөрсөн сарын 29-нд олон нийтэд мэдэгдсэн. 

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны шийдвэрийг хамгийн анх тавдугаар сарын 16-нд Беларусийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Үүний хариуд Украины жүдогийн холбооноос IJF-тэй холбоо барьж, түрэмгийлэгч орнуудын тамирчидтай холбоотой асуудлаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулсан аж.

Тэгвэл IJF-ээс өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр Украины талд албан ёсоор хариу өгч, Беларусийн тамирчдын эрх сэргэж байгааг мэдэгдсэн байна.

Энэ хариуг сонссоныхоо дараа Украины Залуучууд, Спортын Яамны 2023 оны долдугаар сарын 26-ны өдрийн 4,435 тоот тушаалын дагуу шигшээ багаа ДАШТ-д оролцохгүй гэж мэдэгджээ. Мөн тэдний мэдэгдэлд IJF-ийг эрс буруушааж, спортын ертөнцөд шударга ёс, хариуцлага, эв нэгдлийн үндсэн зарчимд харшилж байна гэж тодорхойлсон юм.

Орос - Украины дайнаас хойш украинчууд хоёр дахь удаагаа жүдогийн ДАШТ-ийг өнжихөөр болов. Өмнө нь 2023 онд IJF-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс Орос, Беларусийн жүдочдыг бие даан, төвийг сахисан тамирчнаар оролцуулж болно гэсэн шийдвэр гарсны дараа Украины баг залуучуудын ДАШТ-д оролцохоос татгалзаж байв. 

 

Эх сурвалж: Inside The Games