Манай улсад энэ сарын 18-наас 29-нийг дуустал 3х3 сагсан бөмбөгийн гурван тэмцээн дараалан зохион байгуулахаар болжээ. Тодруулбал 18-наас 19-нийг дуустал эмэгтэйчүүдийн цуврал буюу "FIBA 3x3 Women's Series", 20-ноос 21-ний өдрүүдэд Их Дуулга, 23-наас 29-нийг дуустал Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) биднийг хүлээж байна.
Улмаар уг гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан анхны улс болох аж.
Тэгвэл тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр Улаанбаатар зочид буудалд мэдээлэл өглөө.
Эмэгтэйчүүдийн дэлхийн цувралд Канад, Герман тэргүүтэй 12 баг өрсөлдөх юм. Тэдний дунд "Улаанбаатар Амазонс" баг чансаагаар оролцож байгаа бол зохион байгуулагч орон тул шигшээ багийн тамирчид мөн хүч сорих аж.
Харин Их Дуулга тэмцээнд Сербийн "Лиман", Бахрейны "Риффа" тэргүүтэй 12 баг хүч үзнэ. Энэ тэмцээнд "Улаанбаатар ММС Энержи", "Завхан" клуб зохион байгуулагчийн хувиар оролцоно.
Тэгвэл энэ жилийн хамгийн том тэмцээний нэг болох ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөх хуваарьтай.
Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаар 10-т бичигдэж байгаа бөгөөд "B" хэсэгт АНУ, Латви, Япон, Монтенегрогийн шигшээ багтай өрсөлдөхөөр болсон юм.
Эмэгтэй багийн хувьд чансаагаар 12-т жагсаж буй. Тэд "D" хэсэгт Испани, Герман, Украин, Бразилын багтай учраа таарсан байна.
Тэмцээнийг зохион байгуулагчид "3х3 сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнийг 2017 оноос хойш Монгол Улсад зохион байгуулж ирсэн. Эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулах ажлыг 2022 онд Бельгид болсон дэлхийн аваргын үеэр ярилцаж, шийдвэрлэсэн. Тиймээс тэмцээний бэлтгэл ажил гурван жил үргэлжилсэн гэж ойлгож болно.
Энэ оны хоёрдугаар сараас тэмцээнд оролцох багуудыг хүлээн авах бэлтгэл, талбай, хэвлэл мэдээлэл, тамирчдын визийн асуудал зэргийг хөөцөлдөж эхэлсэн.
ДАШТ-д 27 орны 40 баг оролцоно. Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны тэмцээн зохион байгуулах баг, оролцогч улс орнуудын багийн бүрэлдэхүүн гээд 500 гаруй хүнийг хүлээж авахаар тооцоолсон.
Тодруулбал FIBA-гаас гэхэд чиглэл, чиглэлийн 80 гаруй хүмүүс ирж ажиллана" гэж онцоллоо.
Тэмцээний талаар Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал "Манай холбоо 2017 оноос хойш 26 удаа олон улсын тэмцээн зохион байгуулсны дараа эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулахаар боллоо.
Энэ удаагийн дэлхийн аваргад Токио, Парисын олимпын аварга гээд олон тамирчид ирнэ. Мөн тэмцээний үеэр 3х3 сагсан бөмбөгийн гурван насны ангилалд өсвөрийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр спортод хайртай хүүхэд залуучууд дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь үзэх боломж бүрдэх юм.
Мөн олимпын төрлийн спортоор дэлхийн бүх ангиллын тэмцээнийг зохион байгуулсан дэлхийд цор ганц улс болно. Бид өмнө нь 3х3 сагсан бөмбөгийн тивийн аварга, 18 хүртэлх насны ДАШТ, өнгөрсөн жил 23 хүртэлх насны ДАШТ зохион байгуулсан бол одоо насанд хүрэгчдийн ДАШТ-ийг хүлээн авах юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!