Украины аюулаас хамгаалах алба СБУ өчигдөр өглөө Крымийн гүүрний усан доорх тулгуурыг тэсрэх бодисоор дэлбэлснээ мэдээлжээ.
Уг гүүр нь 2014 онд ОХУ-д хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойгийг Оросын эх газартай холбодог юм.
Уг ажиллагаанд нэлээд хэдэн сарын турш бэлдэхдээ 1,100 кг тротилтой тэнцэх хэмжээний тэсрэх бодисыг гүүрний тулгуурын доод хэсэгт байрлуулж чадсан гэнэ.
Дэлбэрэлт гүүрний тулгуурыг “ноцтой гэмтээсэн” гэж СБУ мэдээлжээ.
Оросын эрх баригчид эхлээд Мягмар гарагийн өглөө гурван цагийн хугацаанд гүүрний хөдөлгөөнийг хааснаа буцааж сэргээсэн юм.
Гэвч үдээс хойш нь ямар нэг тайлбаргүйгээр дахин хаасан байна.
Мягмар гарагийн өглөө болсон дэлбэрэлтийн талаар Оросын тал албан ёсоор ямар нэг мэдээлэл өгөөгүй бол цэрэг дайны сэдвээр бичдэг блогчид нь үүнийг тэсрэх бодис биш, усан доор ажилладаг дроны цохилт байж магадгүй хэмээн мэдээлжээ.
СБУ энэхүү ажиллагааг тус байгууллагын тэргүүн, дэслэгч генерал Васил Малюк биечлэн удирдсан тухай мэдээлсэн байна.
Украины тусгай албад өмнө нь 2022, 2023 онуудад Крымийн гүүрэнд агаараас довтолж байсан бол энэ удаа усан доороос халдлага зохион байгуулжээ.
“Манай улсын нутаг дэвсгэрт Оросын хууль бус байгууламж байх ёсгүй. Тиймээс дайсны тал цэргийнхээ хангамжийн зам болгон ашигладаг Крымийн гүүр бол манай хууль ёсны бай юм” гэж Малюк мэдэгдсэн байна.
Бас Керчийн гүүр гэж нэрлэгддэг энэ байгууламжийг 2018 онд нээхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн оролцож байв.
Крымийг нэгтгэсэн үйл явдлын бэлгэдэл болдог тул Оросын эрх баригчид энэ гүүрийг маш өндөр түвшинд хамгаалдаг юм.
Крымийн гүүрний халдлага СБУ-ийн бас нэг томоохон тусгай ажиллагаа болох “Аалзны тор”-оос хойш 48 цагийн дараа хэрэгжиж байна. Уг ажиллагаагаар тэд 100 гаруй нисгэгчгүй онгоцоор ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн дэх стратегийн нисэх хүчний баазуудад довтолж, нэлээд хэмжээний хохирол учруулсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!