Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бүдрагчаа: “Foodex Mongolia” үзэсгэлэн бол үндэсний болон олон улсын хүнсний үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудыг холбох гол арга хэмжээ

ikon.mn
2025 оны 6 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн улс орнуудын төдийгүй, Монгол улсын худалдааны урсгал эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед харилцаа холбоог нэмэгдүүлэх, мөнгөний урсгалыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөтгөх үүднээс олон улсын арга хэмжээ ихээр зохион байгуулагдах болсон. Тэгвэл Монгол улсын хүнсний салбарт үнэтэй хувь нэмэр оруулахаар Foodex Mongolia 2025 олон улсын үзэсгэлэн энэ оны 6 сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбогдуулан тус арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгч "Мах Импэкс" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаатай ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг бидэнд өгөхгүй юу?

- Сайн байна уу, юун түрүүн энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй та бүхэнд болон оролцогч байгууллагууд, эрхэм хэрэглэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Мах Импэкс” ХК нь 1946 онд анх үүсгэн байгуулагдсан Монголын мах, махан бүтээгдэхүүний салбарын Ууган үйлдвэрлэгч билээ. Бид 2023 онд Олон улсын хүнсний үйлдвэрлэлийн стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа улам өргөтгөн өнөөдрийн байдлаар дотоодын мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн 60 гаруй хувийг дангаараа эзлэхийн зэрэгцээ БНХАУ, Азербайжан, Узбекистан, Ойрх дорнодын улсууд руу олон улсын “ХАЛАЛ” аргаар бэлтгэсэн Монгол махыг экспортолж байна.

Өдрөөс өдөрт хэрэглэгчдийн хэрэглээний хэв маяг өөрчлөгдөж буй зах зээлд бид “Мах Импэкс” гэсэн 80 жилийн түүхтэй брендээ улам бататган хадгалж, сайжруулахын зэрэгцээ шинэ, шинэлэг инновацыг үргэлж нэвтрүүлж, бүтээгдэхүүнийхээ амт чанар, савлагаанд сайжруулалт хийсээр байна.

- Foodex Mongolia 2025 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар анх удаа оролцох гэж байна.  Үзэсгэлэнгийн үеэр ямар бүтээгдэхүүн танилцуулах вэ?

- Бид салбартаа тэргүүлэгч компанийн хувьд дотоодын болон олон улсын үзэсгэлэн, яармагуудад оролцож, туршлага хуваалцах, хамтран ажиллах үйл ажиллагаанд идэвхтэй хамтрагч байсаар ирсэн. Энэ жил бид 80 жилийнхээ ойг угтан энэхүү үзэсгэлэнг ивээн тэтгэн оролцож байгаадаа таатай байна. Энэ удаагийн олон улсын Foodex Mongolia үзэсгэлэн худалдаанд бид хагас боловсруулсан бүтээгдэхүүн тэр дундаа бөөрөнхий мах, бургер, котлетний мах,  хуушуур, шардаг зайдас болон хам, хотдогны зайдас, слайзер /Slicer/ буюу зүссэн бүтээгдэхүүнүүдээрээ оролцоно.

Мөн шинээр хөгжүүлэн худалдаанд гаргасан амин дэмээр баяжуулсан “ЭКО БАНШ”, “БЯСЛАГТАЙ ХИАМ”, “АМТАЛСАН ХОНИНЫ ХЭЛ” гэх мэт олон шинэ, шинэлэг бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдэдээ бэлэг барихаар бэлдсэн байгаа.

- Хүнсний салбарын үзэсгэлэн өөр оронд хэр их зохион байгуулагддаг вэ. Манай орны нөхцөлд Foodex Mongolia 2025 үзэсгэлэнгийн цар хүрээг  хэрхэн харж байна?

- Хүнсний үйлдвэрлэл, экспортын салбар нь дэлхийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болж, улс орнууд энэ чиглэлийн инновац, бүтээгдэхүүн, түншлэлийн боломжуудыг сурталчлах, өргөжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулдаг. Жишээлбэл, Герман улсад хоёр жил тутам зохиогддог ANUGA үзэсгэлэн нь 7,900 гаруй оролцогч, 200,000 гаруй зочдыг хамардаг дэлхийн хамгийн том хүнсний үзэсгэлэн. Францын SIAL Paris, Японы Foodex Japan, Арабын Нэгдсэн Эмират улсын Gulfood, Хятадын FHC China, Хонконгийн HOFEX зэрэг үзэсгэлэнгүүд нь бүс нутгийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий арга хэмжээнүүд юм. Эдгээр арга хэмжээнд оролцсоноор үйлдвэрлэгчид шинэ зах зээлд нэвтрэх, брэндээ сурталчлах, экспортын гарцаа тэлэх,  технологийн шийдлүүд судлах зэрэг өргөн боломжуудыг олж авдаг.

“Foodex Mongolia” олон улсын үзэсгэлэнг бид үндэсний болон олон улсын хүнсний үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудыг холбох гол арга хэмжээ болон төлөвшиж байна гэж харж байгаа. Тийм ч учраас дотоодын брэндийн имиджээ бэхжүүлээд зогсохгүй олон улсын зах зээлд гарах стратегийг дэмжих талбар болно гэдэгт итгэлтэй байна.

- Хүнсний салбарын бүхий л хэсгийг нэгтгэн үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна.  Тэгвэл үзэсгэлэнгээр дамжуулан оролцогч байгууллагуудад төдийгүй Монгол улсад ямар давуу тал, боломжууд бий болох вэ?

- Хүнсний салбарын бүхий л чиглэлийг хамарсан цогц үзэсгэлэн зохион байгуулж буй нь Монгол Улсад болон оролцогч байгууллагуудад олон талын үр өгөөж, боломжийг бий болгож байна. Улсын хэмжээнд авч үзвэл хүнсний үйлдвэрлэл, экспортын салбарын хөгжлийг дэмжих, олон улсын зах зээлд гарах шинэ түншлэл, экспортын гэрээ хэлцэл байгуулах суурь тавигдаж, хүнсний аюулгүй байдал, чанар, стандарт сайжрах, хэрэглэгчийн боловсрол дээшлэх, улмаар Монгол Улсын бизнесийн эерэг дүр төрхийг гадаадад таниулах зэрэг стратегийн үр дүн гарна.

Харин оролцогч байгууллагуудын хувьд шинэ харилцагчидтай холбогдох, зах зээлийн чиг хандлагыг судалж бүтээгдэхүүнээ шинэчлэх, технологи, сав баглаа боодол, ложистикийн шинэ шийдлүүдтэй танилцах, брэндийн нэр хүнд, танигдалтаа өсгөх бодит боломжууд нээгдэж байгаа нь энэхүү үзэсгэлэнг салбарын хөгжилд чухал нөлөө бүхий арга хэмжээ болгож байна.

- Баярлалаа.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.