21 хоног үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаал зорилгодоо хүрч өнөөдөр хаалтаа хийлээ.
Жагсаалын зохион байгуулагчдын нэг, Цогц хөгжлийн үндэсний төвийн захирал М.Энхбадрал "Энэ жагсаал цаашдаа маш олон эерэг үр нөлөөг авчирна. Дараа дараагийн улс төрчид олон нийтээсээ хэт холдож, тэднийг удирдаж чиглүүлж болно гэдэг бодлоосоо нэг алхам ухарсан гэж найдаж байна. Өмнө нь хуурамч мэдээлэл, троллууд, инфлүүсэрүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хайрцаглах замаар олон нийтийн санал бодлыг чиглүүлж удирддаг хандлагатай PR-н засаглалтай болчихсон байсан. Бид энэ байдлыг нэлээд сулруулсан байх. Одоо нэг нэвтрүүлгийг 20 сувгаар зэрэг үзэхгүй байх гэж найдаж байна.
Хэрэв тийм явдал ахин давтагдвал хүлээн зөвшөөрөхгүйгээр няцааж чадах бүтэц үүссэн гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн иргэдээ сонсдог, ил тод байдаг, ёс зүйн алдаа гаргасан бол түүндээ хариуцлага хүлээдэг жишгийг үлдээж байгаа нь хамгийн том давуу тал юм. Жагсаал цуглаанд хүмүүс итгэхээ больчихсон хандлага тогтчихсон байсан нь бидний эрх чөлөөгөө хамгаалж болох маш том механизмын итгэлийг алдруулчихсан байсан. Тэр итгэлийг сэргээж чадсан.
КОВИД-19 цар тахлын үеэс тогтоосон дэглэмийг өнөөдөр нурааж чадлаа. Тухайн үед хүний эрхийг хязгаарлаж айдсаар нь удирдаж болно гэсэн ойлголт бий болж түүн дээр суурилсан систем тогтчихоод цар тахал нь дуусчхаад байхад дэглэм нь дуусахгүй байсныг өчигдөр дуусгаж чадлаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!