Индэр    
2025 оны 6 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч

Итгэл хүлээлгэх эсэхийн эргэн тойронд тодорсон дүрүүд

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэдэг шийдвэр гаргаж, огцрууллаа. Монголын улс төр дэх жишгээр парламент үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан юм. 

Энэ хугацаанд буюу нэгэн шөнийн дотор үг, үйлдлээрээ парламентаас тодорсон онцлох дүрүүдийг танилцуулж байна. 

Хүүхнүүдийн "галзуурал"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

А.Ариунзаяа гишүүний Ерөнхий сайдыг "Та минь" хэмээн дотночлон хэлсэн үг, хоолойн өнгө нэг хэсэгтээ яригдах сэдэв болов. Энэ хоёрхон үг түүнийг Ерөнхий сайд, намын даргаа хэчнээн ихээр хайрлаж, хүндэлдгийг бэлхнээ харуулсан. Тэрбээр өмнө нь "Ерөнхий сайдын хүү койноор ч баяжсан байж болно" гэж яриад мөн л элэг доог болж байв. Ерөөс А.Ариунзаяа гишүүн доромжлуулах хамаагүй Л.Оюун-Эрдэнийг л цээжээрээ хамгаалах нь чухал бололтой. 

Харин М.Нарантуяа Нара гишүүн Chanel-ийн цүнхгүй эмэгтэйг гуйлгачинд тооцдогоо зарласан. Тэрбээр "Та нар Chanel-ийн цүнх яриад гайхаад байх юм. Энэ дотор Chanel-ийн цүнхгүй ядуурчихсан, гуйлгачин хэн байгаа юм, та нарын дунд. Тийм байж нэг их мэдэн будилаад, гэнэн хонгоруудын дүрд тоглоод байгаа та нарыг хараад би үнэхээр гутарч байна" хэмээн "агсам" тавив. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ингээд зогсохгүй "Засгийн газар үлдэхийн тулд 2 триллион төгрөг зарцуулж байна гэдэг сураг сонслоо" хэмээн цуурсан Ч.Лодойсамбуу руу давшилж, асуултыг нь ч гүйцэд хэлүүлсэнгүй. Ч.Лодойсамбуу гишүүн микрофонд үгээ хэлж байхад Нара болон бусад эмэгтэй гишүүдийн хашхиран загнах дуу зурагт, сошиалаар чуулганы хуралдаан үзэж байсан хүмүүст давхар сонсогдсон гэхээр хэр нүргээнт явдал болсон нь тодорхой биз ээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Зарим гишүүн согтуу байна" гэдэг яриаг мөн л Нара гишүүн гаргасан. Тэрбээр "Гишүүд баяраа тэмдэглээд уугаад эхэлчихсэн байна. Хажуугаар нь зөрөхөд архи үнэртэж байгаа өчнөөн хүн энд бий. Нэрийг нь хэлээд яахав" гэж ханхалзаж байхад нөгөө талд Ч.Лодойсамбуу "Олон эмэгтэйчүүд өөдөөс дайрахаар айж, ичдэг юм байна. Нара гишүүн намайг согтуу гэж яриа байх юм. Би шүдний аппараттай байгаа" гэдэг тайлбарыг сошиал хуудсандаа тэмдэглэсэн байна. 

Төрийн тэргүүн парламентад үг хэлсний дараа чуулганы хуралдаан хэсэг хугацаанд завсарласан. Энэ хооронд ХҮН намын гишүүн Б.Мөнхсоёл дуулиан дэгдээв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Манай нам дотоод ардчилалгүй, дарга сэтэртэй хэдхэн хүн шийдвэр гаргадаг. Гишүүдээ дарамталж, үр хүүхдээр нь сүрдүүлдэг учраас би хамгаалалт хүсэж, хэвлэл мэдээлэлд хандаж байна. Нэг удаа Б.Найдалаа гишүүн кноп хамтарч дарсангүй гээд ширээ шааж босож ирж байсан. Энэ бүхнийг би олон сар тэвчиж байгаа. Маш их хэцүү байна. ХҮН нам тарах хэрэгтэй. Гишүүдийнхээ үг болгоныг хянаж цагддаг нам байж болохгүй" хэмээн маш бухимдалтайгаар мэдэгдэл хийв. 

Ийнхүү дайны хажуугаар дажин өрнөсөн ч гол асуудал илүү чухал учир Б.Мөнхсоёл гишүүний бухимдсан шалтгаан тэгсхийгээд намжив.

"50 сая вон, 5 нам сольсон" гэдгийн учир 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд хэлсэн үгийнхээ төгсгөлд "Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг 50 сая воноор зарж байгаагүй. 5 нам дамжиж амьдраагүй, эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй" хэмээсэн. Хэнд хандаж ингэж хэлэх болов? 

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг шийдэх чуулганы хуралдааны ирцэд УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой гэж бүртгүүлсэн байв. Гэтэл нэлээн орой Х.Баттулгыг төрийн ордонд намынхаа гишүүдтэй уулзаж эхэллээ гэдэг мэдээлэл тарсан. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АН-ын бүлгийн гишүүд итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх санал хураалтад оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Гэвч С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар "дарга"-ынхаа даалгавраар бүлгийн шийдвэрийг сөрж, санал хураалтад оролцох нь тодорхой байсан учир Ерөнхийлөгч дээрх үгийг "босоо" Ганбаад хандаж хэлсэн хэмээн яригдаж буй.

С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа солонгос иргэнээс 50 сая вон авч, хууль зөрчсөн нь тогтоогдож байв. Мөн тэрбээр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ХҮН намын даргын албыг хашиж, АН-аас УИХ-д сонгогдсон намтартай. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин Л.Мөнхбаясгалан гишүүн парламентыг ямар сонголт хийхийг тулгаж, хамтран зүтгэгчийнх нь булайг сануулсанд Ерөнхийлөгчид багагүй бухимдав. Түүний бухимдал "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг импийчмент хийх асуудлыг санаачилна" гэж мэдээлэл хийснээр илэрхий болов. 

Тэрбээр "Монгол Улсын ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Гэвч энэ хүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувиар Монгол Улсын парламентыг сүрдүүллээ. Парламент Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг ардчиллын зарчмаар хэлэлцэж байна. Гэтэл илт нэг талыг баримталсан, Засгийн газрыг огцруулах ёстой гэдэг утга бүхий мэдэгдэл хийсэн нь ерөнхийлөгч өөрөө огцрох болзлоо хангаж байна гэсэн үг" гэж мэдэгдсэн юм. 

Хамгийн "хөөрхөн" дүр
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уур бухимдал, өш хонзон, гомдол харамсал дүүрэн чуулганы уур амьсгалыг түр ч болов эерүүлсэн хүн бол Д.Ганбат гишүүн. 

Тэрбээр "Миний та нарт таван жилийн турш хэлж байгааг л Ерөнхийлөгч сая хэллээ. Би хэллээ, Ерөнхийлөгч хэллээ ойлгох юм уу үгүй юу. Хэрэв намайг орлогоо нотол гэвэл би хоёр цагийн дотор нотолно. Тэгэхгүй бол би шоронд орно. Жирийн иргэн ч тэгнэ. Тэр хэмжээнд бид байх ёстой.  

Их вакуумжсан нь Ерөнхий сайдыг ийм байдалд хүргэлээ. 68 суудал авсан нам дангаараа засгаа бүрдүүлэх ёстой. Би үүнийг хэлж л байсан. Миний үгийг авчихгүй дээ. 10-хан сарын хугацаанд алсын хараа дутаж байгаа юм чинь. 20, 50 жилийг харна ч гэж юу байхав.

Залуучуудын жагсаалыг дэмжиж очсон өөртөө баяр хүргэе" гэсэн юм.