Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улсын эрх баригчид зэрлэг заануудаа цөөлж, махыг нь иргэддээ тараах шийдвэр гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зэрлэг зааныхаа тоо толгойг цөөлөх арга хэмжээ авч, тэдгээрийн махыг ард иргэддээ тараах шийдвэрийг Зимбабве улсын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Африк тивийн өмнөд хэсэгт оршдог тус улс зэрлэг зааныхаа тоогоор дэлхийд Ботсвана улсын дараа хоёрдугаарт ордог юм.

Эхний ээлжид тусгай хамгаалалттай бүсээс 50 зааныг агнахаар болсныг Зимбабвегийн Дархан цаазат газар, Зэрлэг амьтдын хэрэг эрхлэх газар мэдээлжээ.

Цаашдаа ямар хугацаанд нийт хэдэн заан заазлах талаараа дэлгэрүүлээгүй байна.

Тус улсын зүүн өмнөд хэсэгт оршдог Сэйв Валли Тусгай Хамгаалалтын газарт уг ажиллагааг явуулах гэнэ. 2024 онд агаараас явуулсан судалгаагаар энд 2,550 заан тоологдсон нь байх ёстой дээд багтаамж 800-аас гурав дахин хэтэрсэн үзүүлэлт байжээ.

Үүний улмаас сүүлийн таван жилийн хугацаанд 200 орчим зааныг бусад тусгай хамгаалалттай газруудад шилжүүлж байсан гэнэ.

“Зааны махыг орон нутгийн ард иргэдэд тарааж, соёог нь төрийн өмчид авах болно” гэж эрх баригчид тайлбарлажээ.

Зааны соёо худалдаалахыг дэлхий нийтээр хориглосон тул Зимбабве улс үүнээс ашиг олох боломжгүй байгаа.

Өчигдрийн шийдвэрийг зарлахын өмнөх өдөр буюу Даваа гарагт тус улсын нийслэл Хараре хотод 230 кг зааны соёог худалдах зорилгоор хадгалж байсан дөрвөн хүн баривчлагдсан юм.

Урьд өмнө үзэгдээгүй их ган гачиг тохиосны улмаас хүнсний хомсдолд орсон Зимбабве улс 2024 онд 200 заанаа агнаж байжээ.

Энэ нь 1988 оноос хойш зохион байгуулсан анхны томоохон цөөлөх арга хэмжээ байв.

 

Эх сурвалж: AFP