Мягмар гарагт болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчний Ардчилсан Намын нэр дэвшигч И Жэ Мюн ялжээ.
Урьдчилсан дүнгээр тэр сонгогчдын 49.42 хувийн санал авч, 41.15 хувийн санал авсан эрх баригч консерватив намын нэр дэвшигч Ким Мүн Сүгээс илүүрхсэн байна.
Ингэснээр И Жэ Мюний таван жилийн бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөс эхэлж байгаа юм.
Өсвөр насандаа үйлдвэрийн ажилчнаас хөдөлмөрийн замналаа эхэлсэн тэрбээр маш их зовлон зүдгүүр, бие махбодын гэмтэл бэртэл амссаны эцэст хүний эрхийн алдартай хуульч, улс төрч болж байжээ.
Тиймээс И Жэ Мюн олон хүний хувьд тэсвэр тэвчээр, урам зоригийн бэлгэдэл болдог хүн юм.
1964 онд Умард Гёнсан мужийн алслагдсан тосгон Андонд төрсөн И Жэ Мюн маш ядуу амьдралд өссөн гэдэг.
Бага сургуулиа төгссөний дараа тэр санхүүгийн бэрхшээлийн улмаас Кёнги мужийн Соннам хотын цагны үйлдвэрт ажилд орж, өдөрт ердөө 200 воны ($0.15 орчим) цалин хөлс авдаг болжээ.
Энэ үедээ тэр үйлдвэрийн ослын улмаас зүүн гараа гэмтээж, байнгын тахир дутуу болсон байна.
Дараа нь тэр ахлах сургуулийн шалгалтад тэнцэж, Чун Ан Их сургуульд хуульчийн мэргэжлээр суралцах тэтгэлэг авчээ.
Оюутан байх үед нь тохиосон 1980 оны Гванжугийн бослого түүнийг нийгмийн шударга ёсны төлөө тэмцэлд амьдралаа зориулахад нөлөөлсөн байна.
Төгссөнийхөө дараа тэр Соннамд хүний эрхийн хуульчаар ажиллахдаа орон нутгийн авлигын хэргүүдийг илрүүлж, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж нэлээд алдаршсан юм.
Энэ хичээл зүтгэлийнхээ явцад И Жэ Мюн нийгмийг шинэчлэхэд улс төрийн эрх мэдэл шаардлагатайг ойлгосон байна.
2010 онд тэр Соннам хотын захирагчаар сонгогдож ажиллахдаа нийгмийн хэд хэдэн зоригтой шинэчлэлээрээ олны анхаарлыг татах болжээ.
2016-2017 оны улс төрийн хямралын үеэр ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах хөдөлгөөний тэргүүн эгнээнд И Жэ Мюн явсан нь түүний нэр хүндийг улам бэхжүүлжээ.
2018 онд тэр Өмнөд Солонгосын хамгийн олон хүн амтай бүс нутаг болох Кёнги мужийн захирагчаар сонгогдсон юм.
Энд ажиллах хугацаандаа тэр үндэсний хэмжээнд анхны цар тахлын тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж, хууль бус барилга байгууламжийг цэгцлэх, нийгмийн халамжийг өргөжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв.
И Жэ Мюн 2017 онд анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд Ардчилсан Намын дотоод сунгаанд гуравдугаар байр эзэлж байжээ.
2022 онд тэр хоёр дахь удаагаа өрсөлдөхдөө сая цэргийн дэглэм тогтоох гэж оролдоод огцорсон Юн Сүк Ёлд ялагдсан юм. Ингэхдээ Өмнөд Солонгосын сонгуулийн түүхэнд хамгийн бага саналын зөрүүгээр ялагдаж байжээ.
Гэхдээ тэр бууж өгөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Инчоноос парламентын гишүүнд сонгогдож, Ардчилсан Намын дарга болж, намаа парламентын олонх болгож чадсан юм.
Нөгөө талаар И Жэ Мюний улс төрийн замнал шулуун дардан байгаагүй. Тэрбээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой дуулианд нэр холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж байлаа.
2024 онд тэр Бусанд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулсны дараа амьд үлдсэн юм.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!