Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын музей 200 жилийн өмнө үйлдвэрлэсэн бэлгэвчийг нийтэд үзүүлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Амстердам хотын музей Рэйксмузеум 19 дүгээр зууны бэлгэвчийг үзмэрийн цуглуулгадаа нэмснийг энэ долоо хоногт анх удаа олон нийтэд толилуулахаар болжээ.

Голландын алтан үеийн зураачдын бүтээлүүдийг хадгалдаг тус музейн цуглуулгад анх удаа жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл үзмэр болж нэмэгдсэн нь энэ юм байна.

1830 онд хонины мухар олгойгоор хийсэн гэгдэж буй энэ бэлгэвчийг Парисын дээд ангиллын эмсийн хүрээлэнгээс гаралтай гэж таамаглаж байгаа ажээ.

Бэлгэвчин дээр хувцсаа тайлсан гэлэнмаа бэлэг эрхтэн нь хөвчирсөн гурван эрэгтэйн нэгийг зааж байгааг харуулсан эротик зургийг сийлсэн байна.

Мөн “Voila, mon choix” (Энэ бол миний сонголт) гэсэн үгсийг сийлжээ.

Үүнийг Трой хотын хунтайж Парист гурван дагинын хамгийн үзэсгэлэнтэйг сонгохыг даалгадаг эртний Грекийн домгоос сэдэвтэй гэж таамаглаж байгаагаа Рэйксмузеумын захирал Жойс Зелен тайлбарласан байна.

“Тиймээс ийм бэлгэвч авсан хүн нэлээд боловсролтой нэгэн байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Харлемд болсон дуудлага худалдаагаар музейн захиргаа уг бэлгэвчийг 1,000 еврогоор авсан юм.

Шинэ үзмэрээ бэлгийн хөдөлмөр, бэлгийн эрүүл мэндийн сэдэвтэй Голланд, Францын хэвлэмэл болон гар зургуудыг үзүүлэх “Аюулгүй Секс” нэртэй танхимын голд шилэн хоргонд байрлуулахаар болжээ.

1839 онд резинийг зохион бүтээж, нийтийн хүртээл болгохоос өмнө бэлгэвч бүтээхэд маалинган даавуу, амьтны арьс, дотор эрхтний хальс зэргийг ашигладаг байсан юм.

“1830-аад оны үед бэлгэвчийн хэрэглээ бага, сүм хийдийнхэн үүнд дургүй байсан гэдэг. Тэдгээрийг ихэвчлэн эмсийн хүрээлэн, эсвэл үсчний газраар зардаг, бас тансаг эдлэлийн зарим дэлгүүрүүд захиалгаар оёдог байсан гэх мэдээлэл бий” гэж Зелен ярьжээ.

Хэт ягаан туяагаар дотор талыг шинжлээд бэлгэвчийг огт хэрэглээгүй, шинээрээ байсан гэж музейн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Мөн сийлбэр дээрх гэлэнмаа халзан эр, туранхай болон тарган эр гурваас хэнийг сонгож байгаа нь тодорхой харагдахгүй байгааг “ямар ч төрлийн эрэгтэй хэрэглэх боломжтой” гэсэн утгатай байж магадгүй гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP