Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Намын эрх барих дээд байгууллага юу шийддэг вэ?

Редакцын бус нийтлэл
2025 оны 6 сарын 4
Редакцын бус нийтлэл
зураг
 

Элчин сайд Ч.Баатарын ээлжит нийтлэлийг хүргэж байна.

Манайд Ерөнхий сайд огцорчихлоо. Сонин хэвлэлд шинэ Ерөнхий сайдыг тодруулах асуудлыг МАН-ын бага хурлаараа ирэх долоо хоногт хэлэлцэх тухай мэдээлэх болов. Парламентын засагтай улсуудад асуудлыг шийддэг нарийн дэг журам үйлчилдэг. Тэгвэл намын удирдах дээд байгууллага энэ тохиолдолд ямар асуудлыг шийддэг вэ? Намын дээд байгууллага хэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцдэггүй. Харин намын дарга буюу намын лидерийг сонгох асуудлыг хэлэлцдэг. Намын лидер болох сонгуульд хэд гурван хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөс хамгийн олон санал авсан хүнийг намын лидерээр сонгодог. Үүгээр намын эрх барих дээд байгууллага үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Тэгвэл намын лидерээр сонгогдсон хүний хувьд Ерөнхий сайд болох зам нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл намын дээд байгууллага намын лидер болох хүнийг эхэлж сонгодог. Лидер болсон хүн Ерөнхий сайд болдог дарааллаар явна. Тиймээс МАН-ын Бага хурал Ерөнхий сайд болох хүний асуудлыг хэлэлцэх биш, харин намын лидер болохоор нэрээ дэвшүүлсэн хэд хэдэн хүнээс Бага хурлын гишүүдийн олонхын саналыг авсан хүнийг тодруулж намын шинэ лидерийг сонгоход үйл ажиллагаа нь чиглэх ёстой.

Гэтэл манайд энэ нарийн дэг, дарааллыг МАН болон АН-ын аль алин нь ойлгож, ялгаж салгаж мэддэггүй явж ирсэн. Анх АН сонгуульд ялахад ялалтыг авчирсан намын лидерийг биш, харин тэс хөндлөнгийн хүн болох М.Энхсайханыг Ерөнхий сайд болгосон. Үүнээс болж тус намын дотор хэрүүл тэмцэл гаарсан. Сүүлд нь намын дүрэмдээ сонгуульд ялалт байгуулсан намын лидерийг Ерөнхий сайд болгоно гэсэн зүйл оруулж байж асуудлыг намжаасан байдаг. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Элчин сайд С.Баяр луу утастаж чи ирж Ерөнхий сайдын ажлыг ав гэсний дагуу С.Баяр ирж Ерөнхий сайд болсон байдаг. Өөрөөр хэлбэл намын лидер болоогүй хүн Ерөнхий сайд болсон хэрэг юм. Ерөнхий сайд болсон хойноо би мөн намын дарга болмоор байна гээд Намын дарга, Ерөнхий сайд хоёр албан тушаалтай болсон. Энд асуудлыг шийддэг дэс дараа урвуу байдлаар, ном бусаар явагдсан болох нь харагдаж байгаа. Энд эхлээд намын лидер болоод дараа нь Ерөнхий сайд болдог дэг журам алдагдсан хэрэг юм. Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд аливаа нам, эвслийн улс төрийн нөлөөнд үл автах, мөн өөрөө аливаа нам, эвсэлд улс төрийн нөлөөлөл үзүүлэхгүй байх ёстой төрийн Тэргүүн хүн нэг намын Ерөнхий сайдыг дур мэдэн томилсон ноцтой алдаа гаргасан юм. Сая Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх санал хураалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирж оролцон хатуухан өнгө аястай үг хэлсэн нь парламентын засагтай улсуудын түүхэнд байгаагүй сонин үзэгдэл болов. Итгэл хүлээлгэх эсэх санал хураалтад Төрийн тэргүүн ирж үг хэлсэн тохиолдол парламентын түүх, практикт огт тохиолдож байгаагүй юм шиг байна билээ, судлаад байвал.

Намын удирдах дээд байгууллага ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг болохыг парламентын засагтай өөр улсын саяхны жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой байж болох юм. Канадын Ерөнхий сайд байсан Ж.Трюдо намын дарга сонгох өрсөлдөөнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр тэр Ерөнхий сайдын тушаалаа орхих нь тодорхой болсон юм. Түүний орны намын лидерийг сонгох өрсөлдөөнд дөрвөн хүн оролцсоноос М.Карней ялж Либерал намын шинэ лидер болж улмаар Канадын Ерөнхий сайд болсон. Энд эхлээд намын лидер болдог, дараа нь Ерөнхий сайд болдог дараалал тод харагдаж байгаа биз дээ.

Парламентын засагтай газар тогтож хэвшсэн, хатуу мөрддөг зүйлүүд байдаг. Тийм зүйлийн нэг нь Намын лидер, Ерөнхий сайд хоёрын албан тушаалыг огт салгаж болдоггүй явдал юм. Гэтэл манайд түүнийг салгаад П.Жасрай Ерөнхий сайд, Б.Даш-Ёндон намын ЕНБД, харин тухайн үеийн МАХН нь Намын даргагүй байсан гажууд тохиолдол гарсан. С.Баярыг Ерөнхий сайд болох үед түүнийг мөн салган М.Энхболд намын дарга байх, С.Баяр Ерөнхий сайд болох асуудал хүчтэй яригдаж байсан юм. Энэ хоёр албан тушаалыг огт салгаж болдоггүйг олон талаас нь тайлбарласан “Нялхсын өвчин” нэртэй захидлыг би М.Энхболдод тэр үед бичиж байсан.

Ирэх долоо хоногт болохоор товлогдсон МАН-ын Бага хурал зөв асуудлаа хэлэлцэж, зөв шийдвэр гаргаж чадах эсэхийг харах л үлдэж байна.