Сүхбаатарын талбайд 22 хоногийн турш үргэлжилсэн “Огцрох амархан” тайван жагсаалын хаалт өнөөдөр 11:00-15:00 цагийн хооронд үргэлжлээд өндөрлөлөө. Хаалтын арга хэмжээний үеэр жагсагчид тайван байдлаа хадгалж, төрийн дууллаа эгшиглүүлж байсан юм. Энэхүү жагсаал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү болон бэрийнх нь тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл олон нийтийн дунд тархсанаар эхэлсэн. Иргэд Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг, улмаар албан тушаалаасаа огцрохыг шаардаж, төв талбайд цугларч эхэлсэн юм.
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж, хангалттай санал авч чадаагүй тул Ерөнхий сайд огцорсон юм.
Энэхүү жагсаалыг зохион байгуулагчдын нэг Ж.Өнөмөнх ”Сүүлийн хэдэн долоо хоногт бидний дотор бугласан бухимдал, бачуурал, эрх чөлөө, эдийн засгийн дарамт гээд бүх зүйл яг нэг дор төвлөрсөн мэт байсан. Залуус бид нийгмийн бодит асуудлыг дэвшүүлж, парламентын анхааралд хүргэхийн төлөө тууштай, хичээл зүтгэлтэй тэмцэж байна. Энэ бол биднийг тоогоосой, сонсоосой, ойлгоосой гэсэн дохио. “Бидний хүсэл өөр шүү” гэдгийг ойлгуулах гэсэн чармайлт. Өчигдөр УИХ тодорхой шийдвэр гаргаснаар нэг зүйлийг мэдэрсэн. Боломж байна, өөрчлөлт хийх орон зай байна гэх.
Хэрвээ бид тууштай, зарчимтай байж чадвал улс төрийн намгүй ч байсан, эрх мэдэлгүй ч байсан өөрсдийгөө илэрхийлж, нийгэмд нөлөөлж чаддаг юм байна. “Идэвхгүй” гэж дүгнэгддэг байсан залуус үнэндээ хамгийн хүчтэй, хамгийн зарчим ярьдаг шинэ үе болон гарч ирж байна. Улс төрчдөд хандах хандлага өөрчлөгдөж байна. Залуусыг зөвхөн сонгуулийн үеэр анзаарч, дараа нь мартдаг үе өнгөрч байна. Бодит өөрчлөлт хүсэж, шаардаж байгаа шинэ үе аль хэдийн бий болжээ“ хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!