Уншиж байна ...

Украины дронуудын учруулсан хохирлын хэмжээ фронтын шугамд шинээр ирж байгаа Оросын цэргүүдийн тооноос давсан гэнэ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 10 цаг 49 минут
iKon.MN
Зураг зураг

Дайны турш анх удаагаа Украины дронуудын учруулсан хохирлын хэмжээ фронтын шугамд шинээр нэмэгдэн ирж буй Оросын цэргүүдийн тооноос давсныг Киевийн эрх баригчид мэдээлжээ.

Мягмар гарагт Телеграм хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд Украины зэвсэгт хүчний командлагч, генерал Олександр Сирський өнгөрсөн сард анх удаа ийм үзүүлэлттэй байлдсанаа баталсан байна.

Тухайлбал арванхоёрдугаар сард Оросын хүн хүчний хохирлын хэмжээ доод тал нь 33,000 хүрснийг тэр дурджээ.

Ингэхдээ тэр фронтын шугамд өнгөрсөн сард шинээр нэмэгдэж ирсэн Оросын цэргийн тоог хэлээгүй байна. АНУ-ын тагнуулын албад энэ тоог сар бүр “30,000 орчим цэрэг” гэж тооцоолсноо өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулж байжээ.

2025 онд Оросын эрх баригчид нийт 403,000 буюу сард дунджаар 36,000 цэрэг фронт руу илгээснийг тооцоолсноо Украины тагнуулын алба өнгөрсөн сард мэдээлсэн юм.

Украинд байлдаж буй Оросын армийн бие бүрэлдэхүүн сайн дурын гэрээт алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчид зэрэг олон янзын эх үүсвэрээс бүрддэг.

Өмнө нь бас шоронгийн хоригдлуудыг фронтод илгээж байсан.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийн дэмжлэгийг алдахаас зайлсхийхийн тулд хугацаат цэргийн алба хаагчдыг дайнд илгээхгүйг амлаж байв. Гэхдээ бодит байдал дээр энэ амлалт хэрэгжихгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Дрон буюу нисгэгчгүй онгоц нь Украины дайны хамгийн чухал зэвсэг болоод байгаа.

Киевийн эрх баригчид өөрөөсөө илүү их хүн амтай Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ дроныг түлхүү ашигласнаар хүн хүчний дутагдлаа нөхөж байна.

Сирський өнгөрсөн сард Украины дронуудын учруулсан нийт хохирлын хэмжээ өмнөх сараасаа 31 хувиар өссөн, дроны цохилтоор амиа алдсан Оросын цэргүүдийн тоо 25 хувиар өссөнийг сая мэдээлжээ.

Энэ дайны турш Украин, Оросын аль аль нь дроны технологийн хөгжүүлэлтээр хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа.

Оросын эрх баригчид Украиныхтай ижил дроны анги нэгжийг армийнхаа бүрэлдэхүүнд байгуулсан нь одоо 80,000 алба хаагчтай болсныг Сирський мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider