Уншиж байна ...

Дональд Трамп: Бид Гринландыг алдаж, Орос, эсвэл Хятадтай хөрш болмооргүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 55 минут
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ерөнхийлөгч Дональд Трамп холбоотныхоо харьяанд байдаг дэлхийн хамгийн том арлыг АНУ-ын нутаг дэвсгэр болгох хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ.

Ингэхдээ тэр зорилгодоо хүрэхийн тулд “зөөлөн арга” хэрэглэх гээд бүтэхгүй бол “хатуу арга” хэрэглэхэд бэлэн байгаагаа ил тод хэлсэн байна.

“Би тохиролцох хүсэлтэй байна. Мэдээж энэ бол зөөлөн арга. Гэхдээ энэ бүтэхгүй бол бид хатуу арга хэрэглэх болно” гэж тэр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Трамп эртнээс Дани улсын харьяанд байдаг Гринланд арлыг АНУ-д нэгтгэх сонирхлоо илэрхийлж байсан бол өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөөнөөс нь баривчлах ажиллагаа амжилттай хэрэгжсэний дараа үүнийгээ улам эрчимжүүлсэн юм.

Гадаад бодлогоо цэрэг, зэвсгийн хүчээр хэрэгжүүлдэг ийм жишиг тогтохоос Дани болон АНУ-ын бусад холбоотнууд болгоомжилж байна.

Саяхан бас Трампын засаг захиргаа Гринландын 57,000 орчим оршин суугчдад нэг удаа их хэмжээний мөнгө төлөх замаар санаа бодлыг нь эргүүлэх хувилбар санаа яригдаж байгаа тухай мэдээ цацагдсан.

Энэ талаар сэтгүүлч асуухад Трамп “би одоогоор ийм ярианд оролцоогүй байгаа” гэж хариулжээ.

“Би энэ талаар цаашдаа ярилцаж магадгүй юм. Гэхдээ яг одоо үүнээс чухал хийх ажлууд байна” гэж тэр хэлсэн байна.

Түүний ярьснаас үзвэл хэрвээ Гринланд арлыг АНУ эзэмшихгүй бол геополитикийн гол өрсөлдөгчид болох Орос, Хятад улсууд эзэмших нь гарцаагүй гэнэ.

“Бид Орос, эсвэл Хятадтай хөрш болмооргүй байна” гэж Трамп энэ санаагаа тайлбарлажээ.

Гринланд арлын оршин суугчдын ихэнх нь алсдаа Дани улсаас салж, тусгаар тогтнох хүсэлтэй байдаг. Гэхдээ АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг дийлэнх хэсэг нь бас эсэргүүцдэг юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трампын засаг захиргааныхан арлын иргэдийн санаа бодлыг эргүүлэхийн тулд хүн тус бүрд $10,000-$100,000 хэмжээтэй нэг удаагийн мөнгө төлөх хувилбарыг хэлэлцэж байгаа талаар энэ долоо хоногт мэдээлж байлаа.

Баасан гарагт Данийн парламентад суудаг Гринландын хоёр хууль тогтоогч Трампын засаг захиргаанаас санал болгох ямар ч хэмжээтэй мөнгөөр уг асуудлыг шийдэх боломжгүйг мэдэгдсэн юм.

“Ямар ч хэмжээний мөнгөөр манай үндэстний сэтгэл санааг худалдан авч чадахгүй. Ард түмнийг худалдан авч болно гэж бодох нь хүндэтгэлгүй хэрэг юм. Бүхэл бүтэн үндэс суурийг маань нураасны дараа нэг удаагийн төлбөрөөр бид яах юм бэ?” гэж тэдний нэг Аажа Хемниц хэлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg