Уншиж байна ...

Б.Түвшинтөгс: Цахим бугуйвч зүүсэн этгээд унтраах, зөвшөөрөгдсөн бүсээс явах зөрчлүүд гарч байна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 14 цаг 14 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнгөрсөн онд 14,604 гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгавар болгож, 922.1 тэрбум төгрөгийн хэсэгчилсэн төлөлтийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад шилжүүлж, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Харин торгох ялын биелэлтийг хангаж 3,690 гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгон 8.2 тэрбум, Эрүүгийн хуульд зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний 330 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж 8.5 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс танилцуулав.

Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим бугуйвчийг унтраах, зөвшөөрөгдсөн бүсээс гарах зэрэг зөрчлүүд гардаг бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдэд хяналт тавих, хайж илрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс сэргийлэхэд техник хэрэгсэл дутмагаас хүндрэл үүсдэг.

Нийслэлийн хэмжээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлыг явуулдаг учир ачаалал ихтэй, алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөл тааруу, гүйцэтгэх ажиллагааны үеэр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгаа"-г дурдлаа.

Тус газар нийслэлийн хэмжээнд ганцхан байртайгаар өр барагдуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа аж. Хүндрэл чирэгдлийг багасгах үүднээс есөн дүүрэгт Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар салбаруудыг байгуулахыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн ИТХ-ын дарга нарт үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХА