Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Очгэрэл: Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүгийн цагдаагийн албанаас "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл "Монгол Улсын хууль зүйн сайдын тушаалаар есдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд "Оргодол" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй оргодол этгээдүүдийг олж тогтоох, хэргийг шийдэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 54 этгээдийг олж тогтоолоо. Эдгээрийг дурдвал

  • Иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн 29
  • Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 1
  • Торгох ялаар шийтгэгдсэн 1
  • Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 4
  • Зорчих эрхийг хязгаарласан буюу цахим бугуйвч зүүсэн 19 этгээдийг олж тогтоосон байна.

2017 оноос хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 117 этгээд оргон зайлж, эрэн сурвалжлагдсанаас 100-г нь олсон. Одоо зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн буюу цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна" гэв.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулна. Энэ бугуйвчийг тухайн хүний байршлыг тогтооход ашиглана. Дотроо цахилгаан ялтаснуудтай. Бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай хэмээн салбарын сайд мэдэгдэж байсан юм.