Голомт банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд түүхэн дурсгалыг судлан хамгаалах, Монголынхоо түүхийг ирээдүй, хойч үедээ үнэн бодитоор өвлүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулах зорилгоор ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран “Өв соёлын голомт” төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод байрших Түргэний балгас-Туулын Хар Түнэ орд, Булган аймгийн Сэлэнгэ суманд орших Ингэт толгойн дурсгал, Хойд Ингэт толгойн дурсгал болон Хар толгойн дурсгал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгас-Нэр нь үл мэдэгдэх эртний хот зэрэг археологийн олдворт газруудад малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж буй.
Зарим дурсгалт газрын малтлага, судалгаа хараахан дуусаагүй бөгөөд үр дүнг эцэслэн танилцуулахад эрт байгаа юм. Одоогийн байдлаар дээрх газруудаас Монголын түүх, шинжлэх ухааны чухал ач холбогдол бүхий нийт 3000 гаруй олдворуудыг нээн илрүүлээд байна. Эдгээрээс хамгийн үнэ цэнтэй, ховор олдворуудаас онцлон хүргэе.
Олдсон газар: Булган аймаг, Сэлэнгэ сум, Ингэт толгойн олдвор
Голч 12.5-13см, өргөн 1-1.5см, зузаан 1.5 см
Ингэт толгойн малтлага судалгааны явцад хамгийн олон тоогоор илэрсэн олдвор бол бадам цэцгэн хээтэй дээврийн нүүр ваар юм. Баруун болон зүүн барилгын тууриас илэрсэн бадам цэцгэн хээтэй нүүр вааруудыг хээ чимэглэлийн байдлаар нь харьцуулан үзэхэд хоорондоо ижил буюу бүгд нэг төрлийн нүүр ваарууд байв. Ерөнхий хээ чимэглэлийн бүтцийн хувьд гадна хүрээний дотор талд бадам цэцгийн 11 дэлбээ, тэдгээрийн дунд “Т” хэлбэрийн чимэглэл, голын хонхорцог дотор 7 ширхэг үр дүрсэлсэн.
Керамик материалаар хийгдсэн барилгын дээврийн чимэглэл болох нүүр ваар, тосгуур ваар, нөмрөг ваар зэрэг эд зүйлсийг алс хол газраас тээвэрлэн авч ирэх боломжгүй тул ихэвчлэн тухайн газар орондоо үйлдвэрлэсэн байдаг. Ингэт толгойн дурсгалаас олдсон нүүр вааруудыг Монгол орны бусад газраас олдсон бадам цэцгэн хээтэй нүүр вааруудтай харьцуулан үзэхэд хээ чимэглэл, бүтцийн хувьд ялгаатай байна. Харин Умардын төрийн хожуу үеийн нүүр вааруудтай илүү төстэй байгаа юм. Өөрөөр хэлбэл Ингэт толгойн тахилын сүмийн дээврийн нүүр вааруудыг Умард Вэй улсын гар урчуудын тусламжтайгаар барьж байгуулсан байх боломжтой бөгөөд энэ асуудал цаашдын судалгаагаар илүү тодорхой болох юм. Иймээс уг олдворын он цагийг НТ V зууны төгсгөлөөс VI зууны дунд үед холбогдуулан үзэх боломжтой бөгөөд энэ нь Жужаны хаант улсын төгсгөл болон Түрэгийн хаант улсын түрүү үетэй давхцаж буй.
Олдсон газар: Архангай аймаг, Эрдэнэмандал сум, Хархул хааны балгас
Жин 3.3гр, голч 2.5см, зузаан 0.5мм
“Өв соёлын голомт” төслийн хүрээнд Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурийн зарим барилга, байгууламжид хийсэн малтлагын үр дүнд 1-р сүмийн нурангиас бурхны шашин, сүм хийдтэй холбоотой олон төрлийн барилгын материал, хэрэглэгдэхүүн илрүүлсний дотор XIII зууны Араб бичигтэй, алтан зоос илэрч олдсон нь шинжлэх ухааны онцгой ач холбогдол бүхий ховор олдворт тооцогдож байна. Энэхүү зоос нь Монгол нутагт археологийн малтлагаас илэрсэн 2 дахь алтан зоос бөгөөд дэлхий даяар тархсан XIII зууны Монгол зооснууд нь ихэвчлэн хэн нэгнээс дамжиж ирсэн эсвэл өөр улсын археологийн малтлагаас олдсон байх нь элбэг.
Тус зоосыг Portable XRF багажаар тодорхойлоход алт (Au) – 64.136%, мөнгө (Ag) – 21.773%, зэс (Cu) – 13.100% гэсэн найрлага илэрсэн.
Алтан зоосны хоёр тал ихэд элэгдэж баларсан бөгөөд зоосон дээрх бичиг, тамганы хэвд үндэслэн Мөнх хааны үед хамааруулан үзэж байна.
Олдсон газар: Улаанбаатар хот, Туул голын сав, Түргэний балгас
Хэмжээ 8см*11.5см
Түргэний балгасын байгууламжаас олон төрлийн археологийн олдвор хэрэглэгдэхүүн олдсон бөгөөд ихэвчлэн барилгын чимэглэл, барилгын хийц, бүтээврийн үлдэл хэсгүүд олдсон байдаг. Эдгээрээс хамгийн эмзэг боловч сонирхолтой олдвор нь үйсэн дээр Монгол бичгээр бичсэн судрын хэсэг юм.
Тус судар нь 2022 онд гол барилгын малтлагын явцад газрын хөрснөөс доош 20см гүнээс битүү шороонд дарагдаж дагтаршсан байдалтай илэрсэн юм. Хэдэн жилийн малтлагын турш үйсэн бичгийн жижиг хэсгүүдийг цуглуулж, сэргээн засварласны үр дүнд нүүрэн талдаа 7 мөр, ар талдаа 6 мөр бүхий бичээстэй судрын нэг хуудсыг тодорхой болгов. Тус сударт бичсэн бичгийг тайлж, агуулгыг тодорхой болгохоор судлаачид болон археологичид ажиллаж байгаа бөгөөд цаашдын судалгаагаар илүү тодорхой болох юм.
Түргэний балгас болон түүнээс олдсон олдворын он цагийг байгалийн шинжлэх ухааны аргаар тогтооход өмнө нь дэвшүүлж байсан 13-р зууны үеийн Ван хааны орд хэмээх таамаглал нь үндэслэлгүй болж, 15-16-р зууны үеийн сүм хийдийн дурсгал болохыг шинэчлэн тогтоолоо.
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн үнэ цэнтэй санаачилгуудын нэг нь “Өв соёлын голомт” төсөл юм. Бид цаашид ч энэхүү төслөөр дамжуулан Монголын түүх соёлыг хойч үедээ таниулах, олон улсад сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Сайн сайхныг санхүүжүүлэгч - Голомт банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!