Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын газрын тос болон уул уурхайн салбарыг богино хугацаанд сэргээн босгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болсон.
“Энэ улсад ган бий, өөр чухал эрдэс баялгуудын нөөц бий. Зэвэрч муудсан ч аугаа уул уурхайн түүхтэй улс. Ерөнхийлөгч Трамп энэ бүхнийг засварлаж, сэргээх болно” гэж АНУ-ын худалдааны сайд Ховард Лютник ажиллагаа явагдсаны маргааш сэтгүүлчдэд хэлж байв.
Венесуэл улс батлагдсан газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал тус улсын нөөц 2023 оны байдлаар 303 тэрбум баррель байсан бол АНУ-ын нөөц үүний тавны нэг орчим буюу 55.25 тэрбум баррель юм.
Венесуэл бол газрын тос экспортлогч улсуудын холбоо OPEC байгууллагыг 1960 оны есдүгээр сард Иран, Ирак, Кувейт, Саудын Арабын хамт үүсгэн байгуулалцаж байсан улс.
Венесуэлийн газрын тосны нөөцийн ихэнх хэсэг тус улсын зүүн хэсэгт 55,000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн оршдог Оринокогийн бүсэд байрладаг.
Гэхдээ Оринокогийн түүхий газрын тос өндөр нягтралтай, зуурамтгай чанар ихтэй тул олборлоход хэцүү байдаг юм. Тиймээс дэлхийн зах зээлд харьцангуй хямд үнээр зарагддаг.
Ийм газрын тосыг олборлох нарийн технологийг АНУ эзэмшдэг бөгөөд одоо Техас, Луйзианагийн ордуудад ашигладаг юм.
1990-ээд он, 2000-аад оны эхэн үед Венесуэл улс газрын тосны томоохон экспортлогч байж, ихэнхийг нь АНУ-д нийлүүлдэг байв.
Тухайлбал өдөрт 1.5-2 сая баррель газрын тос АНУ-д экспортолж, хамгийн том нийлүүлэгчдийнх нь нэг болж байжээ.
Гэвч улс төрийн тогтворгүй байдал, буруу менежмэнт, хөрөнгө оруулалтын хомсдол, АНУ-ын хориг арга хэмжээ зэргийн улмаас өнөөдөр экспорт нь эрс багасаад байгаа.
2024 онд Венесуэлийн төрийн өмчит PDVSA компанийн газрын тосны нийт борлуулалтын хэмжээ $17.52 тэрбум хүрч байжээ.
Сүүлийн арван жилийн хугацаанд Хятад улс хамгийн том худалдан авагч нь болоод байгаа.
АНУ-ын тэнгисийн бүслэлт эхлэхээс өмнө буюу 2025 оны арваннэгдүгээр сард Венесуэл улс өдөрт 952,000 баррель түүхий газрын тос экспортолж байсны 81.7 хувь буюу 778,000 баррель нь Хятадад оногдож байжээ.
Үүний дараа АНУ 15.8 хувийг, Куба улс 2.5 хувийг тус тус эзэлж байсан юм.
Газрын тосноос гадна Венесуэл улс дэлхийд есдүгээрт жагсах байгалийн хийн нөөцтэй.
Тухайлбал 2023 оны байдлаар тус улсын байгалийн хийн нөөц 5.5 их наяд шоо метр байсан нь нийт Өмнөд Америк тивийн нөөцийн 73 хувь болж байжээ.
Үүний ихэнх нь түүхий газрын тостой холбоотой нөөц бөгөөд үйлдвэрлэлийн 80 хувь нь газрын тос олборлолтын дайвар бүтээгдэхүүн болдог юм.
Венесуэл улс бас Латин Америкийн орнуудаас хамгийн их алтны нөөцтэй нь.
Батлагдсан нөөц нь ойролцоогоор 161.2 тонн буюу өнөөдрийн ханшаар $23 тэрбумын хэмжээтэй юм. Үүнээс гадна алтны батлагдаагүй томоохон нөөцтэй гэж үздэг.
2018 онд гаргасан тоо баримтаас үзвэл Венесуэл улсад гурван тэрбум тонн орчим нүүрс, 14.68 тэрбум тонн төмрийн хүдэр, 407,885 тонн никел, 99.4 сая тонн орчим боксит, 1,020 сая каратын алмаазын нөөц бий гэж үздэг байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!