2026 оны эхний сар гараад нэгдүгээр сард төрсөн хүмүүсийн төрсөн өдрүүд Фейсбүүкээр дүүрэн явж байгаатай холбогдуулан та бүхэндээ спортын шинжлэх ухаан болон сэтгэл зүй, сургах хүмүүжүүлэх ухааны нэгэн сонирхолтой зүй тогтлын талаар хуваалцъя.
Сагсан бөмбөг, хөлбөмбөг, бейсбол, хоккей зэрэг спортын олон төрөл, спорт тоглоомын төрлүүдийн залуучууд болон мэргэжлийн багуудын аль алинд жилийн эхний улирал буюу 1-3 сард төрсөн тоглогчид давамгайлдаг зүй тогтол бий. Ялангуяа Европ, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн клубүүдэд жилийн эхний улиралд төрсөн тоглогчдын төлөөлөл илүү байдаг.
Судлаачид энэ үзэгдлийг “Relative age effect- RAE” буюу “Насны харьцангуй нөлөө” гэж нэрлэдэг бөгөөд энэ үзэгдэл бараг бүх спортод тэр дундаа Премьер лигийн тоглогчдын дунд илүүтэй ажиглагддаг байна.
Өрнөдөд энэ талаар судалгаа нэлээд хийгдсэн байдаг. АНУ-ын П.Вейкфильд, Ж.Левис, В.Маллон нарын эрдэмтэд анхлан 1964-1996 оны хооронд төрсөн 44,000 гаруй олимпын тамирчдад “Насны харьцангуй нөлөө”-г судалсан бөгөөд зуны болон өвлийн олимп, бөмбөг болон бөмбөггүй спортын төрөл, багийн болон ганцаарчилсан төрлүүд гээд спортын бүх л төрлийн тамирчдын хувьд эхний болон дөрөвдүгээр улиралд төрсөн тамирчдын хувийн жин эрс ялгаатай байгааг тогтоосон.
Өөрөөр хэлбэл төрсөн сарын зөрүү нь хүүхдүүдийн нас бага тусам оюун санаа болон бие бялдрын хөгжилд илүүтэй тод ажиглагддаг тул оны эхний саруудад төрсөн хүүхэд багаасаа спортоор хичээллэж эхэлбэл дасгалжуулагчдын хараанд хурдан өртөж, сургуулийн багт болон мэргэжлийн спортын клубт сонгогдох магадал өндөр байдгийг тогтоосон юм. Оны эхээр төрсөн хүүхдүүд “Насны харьцангуй нөлөө”-ний хувьд илүү давуу талтай учраас оны сүүл саруудад төрсөн хүүхэдтэй харьцуулахад илүү хүчтэй, хурдан гэх мэт харагддаг байна. Тийм учраас мэргэжлийн клубт сонгогдож бусад хүүхдүүдтэй харьцуулахад илүү өндөр түвшинд бэлтгэл хийж эхэлдэг тул хэсэг хугацааны дараа нэгэнт мэргэжлийн тамирчид болчихдог байна.
Мөн Торонтогийн Йоркийн их сургуулийн профессор Жо Бейкер “Насны харьцангуй нөлөө нь биологийн болон сэтгэл зүйн төлөвшлийн хурдны ялгаатай холбоотой" гэж дүгнэсэн байдаг.
Хүүхдийн нас бага байх тутам спортын авьяас чадвар дахь насны нөлөөлөл их байдаг. Тухайлбал, 10 настай хүүхдүүдээс бүрдсэн дөрөвдүгээр ангийн спортын багт хамгийн том хүүхэд буюу оны эхний сарын хүүхэд бусдаас дор хаяж бие бялдар, сэтгэл зүйн хувьд 10 хувиар ах байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг. Улмаар спортын багийн нэг хэсэг болж, бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанд орсныхоо дараа тэд хожуу саруудад төрсөн хүүхдүүдээс илүү авьяастай, мундаг болж чаддаг.
Хожуу төрсөн хүүхдүүдийн авьяасыг эрт танихгүй байх нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгө үрсэн ажил болдог. Жишээ нь Бундеслигийн Bayarn Munich багийн тоглогч, Английн шигшээгийн ахлагч Harry Kane 8 настайдаа Арсенал багийн хөлбөмбөгийн академид тэнцсэн боловч нэг улирлын дараа хасагдаж байсан юм. Тухайн үед Арсенал академийн захирал байсан Лиам Брэди "Тэрбээр хөдөлгөөний эвсэл тааруу, жаахан булцгар хүү байсан" гэж The Telegraph сэтгүүлд ярилцлага өгсөн байдаг.
Кейн бол яах аргагүй долдугаар сарын 28-нд төрсөн хүүхэд бөгөөд үеийнхнээсээ биологийн хувьд арай хожуу хөгжилтэй байжээ. Арсеналаас хасагдсанаас хойш гурван жилийн дараа буюу 11 настайдаа Кэйн Тоттенхэм Хотспурын академид хэдэн долоо хоногийн туршилтын гэрээ байгуулж, яваандаа жинхэлсэн юм. Өдгөө Кейн Тоттенхэмийн 100 гаруй сая доллараар үнэлэгддэг үнэ цэнтэй тоглогч болсон юм. Хэрэв Арсенал түүнийг хүүхэд байхад хасаагүй бол ийм мундаг хөлбөмбөгчтэй байхаар байлаа.
Энэхүү онолын дүнд спортын анагаах ухааны эрдэмтдийн зүгээс дасгалжуулагч нарт залуу тамирчидтай ажиллахдаа RAE-ийн талаар мэдлэгтэй байх ёстой бөгөөд өсвөрийн тамирчдын чадварыг үнэлэх, сонгон шалгаруулахдаа төрсөн сарыг харгалзах нь зүйтэй гэж зөвлөмж өгдөг байна.
Дээрх нөлөө зөвхөн спортод төдийгүй, хүүхдийн суралцах чадвар, бие хүн болж төлөвшихөд ч ихээхэн нөлөөлдөг болохыг эрдэмтдийн судалгаанууд харуулдаг.
Бусдаас арай бага, намхан байх нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чадвар, бие дааж ажиллах чадвар зэрэгт сөргөөр нөлөөлж цаашдын сурлагын амжилтад нөлөөлж байгааг дэлхийн 45 улсын PISA шалгалтын дүнд судалгаа хийсэн эрдэмтэд нотолж байна. Та бүхэн энэ судалгаатай дараах линкээр танилцаарай. https://one.oecd.org/document/EDU/WKP(2020)9/en/pdf
“Насны харьцангуй нөлөө” нь хүүхдийн унших чадварт хүчтэй нөлөөлдөг нь Германы жишээн дээр харагдаж байна. Германд сурагчдын 10 орчим хувь нь бага ангидаа улирч суралцдаг бөгөөд PISA-гийн унших чадварын шалгалтын гүйцэтгэлд “Насны харьцангуй нөлөөлөл” 30 оноотой буюу ихээхэн өндөр байгааг энэхүү судалгаанд дурджээ.
Оны эхний саруудад төрж сургууль элсэн орсон хүүхдүүд зөвхөн спортын салбарт нэг оныхон дотроос илүү амжилттай байх төдийгүй улс төр гэх мэт бусад салбарт ч давамгай байдгийг Мюллер нарын судлаачид АНУ-ын Конгресс дахь гишүүдийн төрсөн сарын жишээн дээр тогтоосон байдаг.
Ер нь “Насны харьцангуй нөлөө”-ний талаар манай боловсрол судлал, сэтгэл зүйн эрдэмтэд гүнзгийрүүлэн судалгаа хийх шаардлагатай байгааг онцолж хэлье. Их ч сонирхолтой судалгаанууд гарах байх.
Дэлхийн нэлээд улс оронд хүүхдийг сургуульд авахдаа төрсөн сарыг харгалзан, оны сүүлийн зургаан сард төрсөн хүүхдүүдийг дараа жил рүү оруулж элсүүлдэг нь яах аргагүй шинжлэх ухааны үндэстэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!