ХБНГУ-ын Бундестагийн сонгууль энэ Ням гаригт буюу 9 сарын 26-нд болох гэж байна.
Сонгуулийн өмнөх олон нийтийн санаа бодлын бүх л судалгаагаар энэ удаагийн сонгуульд зүүн төвийн Социал демократ нам (СДН) ялах магадлалтай байна.
Ангела Меркелийн толгойлж ирсэн Христосын ардчилсан холбоо/ Христосын нийгмийн холбоо (ХАХ/ХНХ) эвсэл байр сууриа алдах нь ойлгомжтой болов.
Судалгааны Politico Europe байгууллагын цуврал судалгаанаас үзэхэд 2021 оны 8 сараас хойш Германы Социал демократ намын рейтинг тогтмол өсч, ХАХ/ХНХ эвслийнх буурч байна. (Эх сурвалж: https://www.politico.eu/europe-poll-of-polls/germany/?fbclid=IwAR28_eoT47IbtxasyIZzxcIsKqmel3z6M8sJnxq0AVsbw7G56JnFFQhGDXM)
Социал демократуудын рейтинг олны дунд өсөхөд нөлөөлсөн гурван гол хүчин зүйл бий гэж Кембрижийн их сургуулийн судлаач Угир Текенир үзсэн байна.
Юуны өмнө Ангела Меркелийн засгийн газрын дэмжлэг илт буурсан нь социал демократуудын рейтинг өсөхөд нөлөөлжээ. Меркел 16 жил канцлер хийх хугацаандаа Евро бүсийн хямрал, дүрвэгчдийн хямрал зэрэг ноцтой сорилтуудтай нүүр тулгарч байсан ч амжилттай даван гарсан юм. Гэсэн хэдий ч Ковид-19 тахлын эсрэг Ангела Меркелийн Засгийн газраас авч буй арга хэмжээг Германы сонгогчид хангалтгүй гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн Хельмут Колийн засаглалын сүүлийн жилүүд шиг Меркелийн Засгийн газрын гишүүд “маскны хэрэг” болон Европын түүхэн дэх санхүүгийн хамгийн том гэмт хэрэг болох “Wirecard компанийн дуулиан” зэрэг авилгын хэргүүдтэй нэр холбогдсон нь сонгогчдын итгэлийг алдахад хүргэсэн юм.
Меркелийн намын парламентын гишүүн Николас Лөбель хувийн компанидаа маск нийлүүлэх борлуулалтын гэрээ хийлгэж 250,000 еврогийн орлого олсон бол ХАХ-ын гол түнш ХНХ намын улс төрч Георг Нүсслейн нэг компанид маск нийлүүлэхэд лобби хийж өгсний төлөө 660 мянган евро авсан нь тус тус нь ил болсны дараа энэ хоёр гишүүн огцорсон билээ.
Мөн нэгэн цагт Германы финтекийн салбарт гялалзаж байсан од компани болох санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Wirecard” компани дампуурч 1.9 тэрбум еврог данснаасаа алдсан нь Засгийн газрын Санхүүгийн хяналтын газар (BaFin)-ийн зохицуулалтын алдаа гэж шинжээчид үзэж байгаа.
Хоёр дахь хүчин зүйл бол ХАХ намынхан дунд Меркелийг залгамжлах олигтой улс төрч олдохгүй өнөөг хүргэсэн явдал юм. 2018 онд Аннегрет Крамп-Карренбауэр ХАХ намын шинэ удирдагчаар сонгогдсон боловч өнгөрсөн онд Тюринген мужид болсон хямралын дараа огцорсон. 2020 оны хоёрдугаар сард Тюринген мужийн орон нутгийн парламент болох Ландтагийн сонгуулиар хэт барууны Альтернатив намаас нэр дэвшигч Томас Кеммерихийг ХАХ болон Чөлөөт ардчилсан намууд дэмжсэний хүчинд мужийн захирагчаар сонгогдсон нь олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ.
Ийнхүү ХАХ намын удирдлагууд алдаа гаргасны улмаас 2021 оны 1 сард Норд Рейн Вестфален мужийн ерөнхий сайд Армин Лашетыг Крамп-Карренбауэрын оронд намын шинэ даргаар сонгосон. Улмаар ХАХ/ХНХ эвслийн канцлерт нэр дэвшигчээр тодорсон юм.
Лашет канцлерт нэр дэвшигчээр тодорсноос хойш удаа дараагийн бүтэлгүйтэлтэй нүүр тулаад байна. Түүний 2009 онд хэвлүүлсэн ном нь бүтээлийн хулгайн хэрэгт холбогдож өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Энэ явдлын дараа 2021 оны 7 сард Германд болсон их үерийн үеэр Эрфштат хотод ХБНГУ-ын ерөнхийлөгч үерт өртсөн иргэдэд хандан үг хэлж байх үед Лашет инээд алдаж баяр баясгалантай байгаа нь камерт өртсөнөөр олон нийтийн дургүйцлийг хүргэж нийгмийн сүлжээнд “Laschet lachen” буюу “Лашетын инээд” гэсэн давалгаа үүсгэсэн юм.
СДН-ын нэр хүнд өсөхөд нөлөөлсөн гурав дахь хүчин зүйл бол тус намаас канцлерт нэр дэвшигч, сангийн сайд Олаф Шольцын хувь улс төрчийн нөлөө юм.
2020 оны наймдугаар сард СДН-аас канцлерт нэр дэвшигчээр тодорсон Олаф Шольцыг Германы олон нийт улс төрийн туршлагатай, шийдэмгий улс төрч гэж үнэлж байгаа бөгөөд Германы дараагийн канцлер болох хамгийн өндөр рейтингтэй байгаа юм.
Энэ удаагийн Бундестагийн сонгуульд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хамгийн анхаарал татсан сэдэв болж байна. Politbarometer судалгааны газраас сонгогчдын дунд хийсэн санал асуулгаар сонгогчдын 43 хувь нь уур амьсгалын өөрчлөлт бол хамгийн тулгамдсан асуудал гэж үзэж байгаа нь өмнөх сонгууль буюу 2017 оны сонгуулиас ихэд ялгаатай дүн юм. 2017 онд арван хүний нэг нь л уур амьсгалын өөрчлөлтийг чухалд тооцож байсан билээ.
Хоёр дахь чухал асуудал бол сонгогчдын 30 хувийн нэрлэснээр Ковид 19 цар тахал юм. Өндөр настны тэтгэврийн асуудал гурав дахь чухал асуудал болоод байна. Мөн сонгогчдын 11 хувь нь цагаачлалын асуудлыг хамгийн чухалд тооцож байгаа нь дөрвөн жилийн өмнө 47 хувь байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Эдгээрийн дараа нийгмийн тэгш бус байдал орж байна.
СДН-ыг дэмжиж буй сонгогчид зохистой цалин хөлстэй болгох, өндөр насны тэтгэвэр, гэр бүлийн бодлого, хүүхэд хамгааллын бодлого зэрэг асуудлыг шийдэж чадна гэдгээр үзэж байгаа юм. Харин ХАХ/ХНХ-ыг дэмжигчдэд тус намын эдийн засгийн бодлого, Ковид цар тахлын хямралыг даван туулах арга хэмжээ нь таалагдаж байгаа аж. Ногоон намын хувьд байгаль орчин, уур амьсгалын асуудлаар сонгогчдыг татах амлалт өгч байгаа бол Чөлөөт ардчилсан нам цахим шилжилтийн асуудалд гол ач холбогдол өгч байна.
Германы СДН-ын Бундестагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр “Ирээдүй, Хүндлэл, Европ” гэсэн уриатай. СДН-ын мөрийн хөтөлбөрийн гол чиглэлүүд нь уур амьсгалын өөрчлөлт, зохистой хөдөлмөр, шударга ёс юм. Ингээд мөрийн хөтөлбөрийнх нь голлох амлалтыг тодруулан үзье.
2045 он гэхэд Герман улс нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтод хүрнэ, 2040 он гэхэд бүх эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй болгосон байна гэдэг зорилтыг тавьж байна. Дэлхий дахины "нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал" гэдэг нь 2015 онд батлагдсан Парисын хэлэлцээрээр анх гаргасан бөгөөд хүлэмжийн хий, түүний дотор нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулах явдлыг дэлхий даяар хязгаарлах явдал юм. Тэгвэл энэ зорилгод дэлхийн хөгжингүй улсуудаас хамгийн түрүүнд Герман хүрэх ёстой гэж социал демократууд үзэж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өдгөө 9.50 евро байгааг 12 евро болгон нэмэгдүүлэх, ажилтныг хамтын гэрээ байгуулалгүйгээр ажлаас халах явдлыг арилгахаар амлаж байгаа юм. Мөн цахим орчинд хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг баталгаажуулах, цалинг нэмэгдүүлэх асуудлыг онцолж байна.
СДН үнэ төлбөргүй, чанартай, найдвартай боловсролыг хүн бүрд олгох ёстой гэж үздэг. Ийм учраас холбооны мужуудад өдөр өнжүүлэх төвүүд, сургууль, залуучуудын байгууллагууд, бүтэн өдрийн асрамжийн төвүүдийг цаашид өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Боловсролын чиглэлээр суралцаж буй залуусын тоог 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилгыг бас тавиад байна. Мөн сургуулиудын засвар, цахим сургалтын тоног төхөөрөмж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх амлалтыг өгч байгаа юм. Цахим сургалтын тоног төхөөрөмж бүх оюутнуудад хүртээмжтэй байх ёстой. Багш нар улсын хэмжээнд ур чадварын төв гэж нэрлэгддэг сургалтад хамрагдах боломжтой байх ёстой гэдгийг СДН-ын мөрийн хөтөлбөрт онцлон тусгаад байна.
Германы социал демократууд байгаль орчинд ээлтэй автобус, галт тэрэг нийтийн тээврийн хэрэгслийг өргөжүүлж, явган зорчигч, дугуйчдад илүү их орон зай гаргах ёстой гэж үзэж байгаа. Мөн Европ дахь төмөр замын аялал нь нисэхээс хямд байх ёстой хэмээн үзэж томоохон хот бүрийг холын зайн галт тэрэгний сүлжээнд холбоно гэж амлаж байгаа юм. Түүнчлэн хурдны зам дээрх хурдны дээд хязгаарыг 130 км/ цаг болгохоор төлөвлөж байгаа аж.