Индэр    
2020 оны 3 сарын 3
Зураг
Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

Зүүн төв рүү хэлбийж буй Америкийн Ардчилсан намын “Супер Мягмар гараг”

Өнөөдөр АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах намын сунгааны  шийдвэрлэх нэгэн үйл явдал болох “Супер Мягмар” билээ.

Яагаад “Супер Мягмар гараг” гэж?

Сонгуулийн жилийн 1-р сараас эхлэн 7-р сарын дунд хүртэл үргэлжилдэг Америкийн хоёр намын дотоод сунгааны мужуудын санал хураалтын хамгийн чухал өдөр бол жил бүрийн 2 юмуу 3-р сарын аль нэг Мягмар гараг байдаг. Энэ өдөр Америкийн бүх мужийн 1/3-д санал хураалт явагдаж Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүст санал өгдөг. Энэхүү санал хураалтаар хэн нь олонхын санал авч ялсан нь үндсэндээ тухайн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодордог түүхтэй.

 
www.nationalreview.com

Энэ жилийн сонгуулийн хувьд Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгч Дональд Трамп улиран сонгогдохоор өрсөлдөх нь тодорхой учраас Ардчилсан намаас хэн тодрох нь бүх нийтийн анхаарал татсан үйл явдал болоод байна.

Өнөөдөр АНУ-ын 14 муж, Америкийн Самоа арал дээр явагдах санал хураалтуудад санал өгөх эрхтэй 1,357 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 33.8 хувь нь оролцож Жо Байден, Берни Сандерс, Элизабет Воррен, Майкл Блуумберг нарын төлөө саналаа өгөх юм.

Энэ удаагийн “Супер Мягмар гараг”-ийн хамгийн олон хүн санал өгөх муж бол 415 санал өгөх Калифорни муж. Америкийн хар арьст сонгогчид хамгийн олноор оршин суудаг, үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг үнэнчээр дэмжиж ирсэн муж бол Калифорни юм. Тэгвэл Калифорни мужийнхан энэ жил хэнийг дэмжих магадлалтай байна вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.  

Санал асуулгуудаас харахад Берни Сандерсийн ярьж буй нийгмийн хамгааллын бодлогууд, Жо Байдены ярьж буй татварын шаталсан тогтолцоо буюу орлого багатай иргэдээс бага татвар, орлого өндөр хүнээс өндөр татвар авах бодлого, эрүүл мэндийн даатгалын систем зэрэг нь орлого багатай, хар арьст сонгогчдод ихээхэн таалагдаж байгаа юм. Тийм учраас Калифорни мужийн санал өгөх төлөөлөгчид Берни Сандерс болон Жо Байденд хоёр хуваагдаж саналаа өгөх магадлалтай байна.

Харин өндөр боловсролтой нэр дэвшигч болох Элизабет Воррены хувьд цагаан арьстнууд, боловсрол өндөртэй иргэд дэмжиж байгаа учраас Калифорни мужийн хувьд түүнд өгөх төлөөлөгчдийн санал төдий л их байж чадахгүй болов уу.

Калифорнийн араас 228 төлөөлөгчийн санал бүхий Техас муж, 110 саналтай Умард Каролина, 99 саналтай Виржиния мужууд орж байна. Мөн Алабама, Арканзас, Колорадо, Мейн, Массачусетс, Минесота, Охлахома, Юта, Вермонт зэрэг 14 муж, Самао арал дээр өнөөдөр санал хураалт явагдана.

Эхний дөрвөн мужийн сунгааг Берни Сандерс өнгөлсөн

Намаас нэр дэвших эрхээ авахын тулд өрсөлдөгчид бүх 50 муж, Вашингтон DC, таван газар, Гуам, Виржиний арлуудад явагдах 57 удаагийн сунгаанаас нийтдээ 1,991 төлөөлөгчийн санал авах ёстой. Одоогийн байдлаар дөрвөн мужид сунгаа явагдсанаас Берни Сандерс хамгийн олон санал буюу 56 санал аваад байгаа бол Жо Байден 48-ийг авснаараа удаалж явна.

 

Ерөнхийдөө Америкийн судалгааны газруудын санал асуулгаар дэд ерөнхийлөгч асан 77 настай Жо Баден рейтингээрээ тэргүүлж байгаа юм.

Гэхдээ тэрбээр Нью Хемпшир, Невада, Иова мужуудын сунгаанд ялагдаж Өмнөд Каролинад ялалт байгуулсан. Өмнөд Каролина мужид ялалт байгуулсан нэр дэвшигч сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал хамгийн өндөр байдаг юм. Тухайлбал, 2016 онд Хиллари Клинтон, Барак Обама 2008, 2012 онд тус тус Өмнөд Каролина мужид тус тус ялж байсан юм.

Жо Баден хар арьст сонгогчид болон 45-аас дээш насныхны дунд хамгийн их дэмжлэг хүлээж байгаа юм. Тэгвэл Өмнөд Каролина мужид хар арьстнууд болон ахмад насны сонгогчид хамгийн олон тоотой байдаг нь Жо Байденыг ялалтанд нөлөөлжээ. Харин Берни Сандерсийн ялалт байгуулсан Нью Хемпшир, Невада, Пит Бутижиж ялсан Иова мужуудад хар арьст болон ахмад сонгогчдын сегмент хамгийн цөөн байсан. Мөн бүхий л санал асуулгуудаар Байден сонгогчдын дунд рейтингээрээ тэргүүлж байгаа.

Сунгаа анх эхлэхэд 29 хүн өрсөлдөж байсан бол 10 удаагийн цуврал мэтгэлцээн болон таван мужийн санал хураалтын явцад замаас гарсаар байна.

Өчигдөр орой гэхэд л Ами Клобачер, Пит Бутижиж нар сунгаанаас гарч Жо Баденыг дэмжихээ илэрхийлсэн.

Ингээд одоо ердөө дөрвөн нэр дэвшигч үлдлээ. Энэ дөрвөн нэр дэвшигчээс Жо Байден болон 78 настай, сенатч, 2016 оны сонгуульд Хиллари Клинтонтой дотоод сунгаанд өрсөлдөж байсан Берни Сандерс хоёрын аль нэг нь энэ удаа ялах нь ойлгомжтой болоод байна.

Харин залуу сонгогчдын дэмжлэгийг ихээхэн авч, олны анхаарлыг татаад байсан Пит Бутижежийг дэмжигчид түүний уриалснаар Жо Байденыг дэмжих үү яах бол гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Судлаачдын тооцоолсноор түүнийг дэмжигчид Жо Байден болон Берни Сандерс хоёр руу хуваагдаж очихоор байгаа юм.

Ардчилсан нам “лидерийн хомсдолд” орсон уу?
 
Source: www.usatoday.com

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн онцлог бол нэр дэвшигчдийн нас болон имиж юм.

Хиллари Клинтон 2016 оны сонгуульд ялагдсанаас хойш Америкийн Ардчилсан намыг экспертүүд лидерийн хомсдолд орсон гэж дүгнэх болсон. Жон Кеннеди, Билл Клинтон, Барак Обама зэрэг олны хайр татсан шижигнэсэн залуухан ерөнхийлөгч нарыг төрүүлж ирсэн Ардчилсан намд өдгөө тэд нарын дайны хүчтэй лидер алга.

Өнөөдөр Ардчилсан намыг төлөөлж буй голлох лидерүүд болох Төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелоси 80 настай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр хоёр лидер болох Жо Байден 78, Берни Сандерс 79 настай. Ардчилсан намын шинэ нүүр царай болохуйц гэж хүчтэй тодорсон хүн алга.

Ардчилсан намаас дотоод сунгаанд өрсөлдсөн 29 хүний хамгийн залуу нь болох Индиана мужийн нэгэн жижиг хотын захирагч 37 настай Пит  Бутижежийг хүмүүс ихэд сонирхож найдлага тавьж байгаа ч ижил хүйстэн гэдгээрээ улс орны нэгдүгээр хүний суудал руу явах боломж тун бага. Христосын шашин шүтлэг, бурхны ном сургаалаа дагадаг консерватив үзэлт сонгогчид ихтэй Америк нийгэмд ижил хүйстэн ерөнхийлөгчийг хүлээн авах хөрс суурь одоогоор байхгүй гэдгийг олон мэргэжилтэн хэлж ярьж байгаа юм.

Эмэгтэй лидерүүдийн хувьд энэ удаа Ардчилсан намыг Харвард, Пенсильванийн их сургуулиудад багшилж байсан профессор 70 настай Элизабет Воррен өнгөлж байгаа ч намаасаа гарч Дональд Трамптай үзэх нь юу л бол.

Байдал ийм байгаагаас улс төр судлалын эрдэмтэд, мэргэжилтнүүд Америкийн Ардчилсан нам шинэ залуу улс төрчдийг бэлдэх тал дээр анхаарах, лидерийн “цус сэлбэлт” хийх цаг болсныг сануулсаар байгаа юм.

Зүүн төв рүү хэлбийж буй Ардчилсан нам

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь урьд өмнөх бүх сонгуулиудтай харьцуулахад зүүн ба барууны үзэл баримтлалын зааг ялгаа хамгийн тод ажиглагдаж буй явдал юм. 2016 оны сонгуулийн дараагаас АНУ-ын Сенат дахь Ардчилсан намынхан их дээд сургуулийн төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг асуудлаар илэрхий зүүний бодлого баримтлах болсон.

Үүнээс өмнө Берни Сандерс л ганцаархнаа социал демократ байр суурь илэрхийлдэг байсан.

Улмаар 2018 оны завсрын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын олонх зүүний үзэлд үндэслэсэн хуулиудыг дэмжиж эхэлсэн. Тухайлбал, бичиг баримтгүй цагаач иргэдэд тусламж үзүүлэх хуулийг баталсан явдал юм.

Энэ байдал Ардчилсан намын энэ удаагийн дотоод сонгуулиар ч мөн тод харагдаж байна. 2020 оны Ардчилсан намын дотоод сунгаанд зүүний үзэлт нэр дэвшигчид бараг бүгд нэр дэвшицгээсэн юм. 2016 оны дотоод сунгаанд ганц Берни Сандерс л нийгмийн хамгаалал гэх мэт зүүний бодлогуудыг ярьдаг байсан бол энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид бараг бүгд энэ асуудлыг ярьж байна.

Нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ, дээд боловсролд зарцуулах төсвийг нэмэгдүүлж иргэдийн төлбөрийн чадвараас үл хамааран эрүүл мэндийн даатгалын зардлыг төр даах нь зөв. Нийгэм дэх орлогын тэгш бус байдлыг бууруулахын тулд татварыг нэмж төрийн халамжийн үйлчилгээг нэмье гэдэгт нэр дэвшигчид санал нэгдэж байгаа юм.

Чухам яагаад зүүний үзэлт нэр дэвшигчид олон нийтийн дэмжлэг хүлээх болсон нь нийгэм, эдийн засгийн учир шалтгаантай юм.

Либерализм, неолиберализмын урт удаан хугацааны бодлогод суурилсан Америк маягийн нийгэм-эдийн засгийн тогтолцоо нь нийгэмд баян ядуу, хар ба цагаан, цагаач ба үндсэн иргэд, латин америкчууд ба европ гаралтнууд гэх мэт ялгарал, тэгш бус байдлыг бий болгосон.

Нийгмийн хамгааллын бодлого, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо нь төлбөрийн чадавхид үндэслэдэг, Европын орнууд шиг өргөн хүрээтэй төрийн дэмжлэг байдаггүй.

Иймд урт хугацаанд нийгмийн тодорхой элит давхарга эдийн засаг, нийгэм соёл, улс төрийн эрх мэдлийг эзэмшиж ирсэн.

Нийгмийн дунд ба доод давхаргуудаас элит анги рүү “цус сэлбэх” байдал нь тун бага гэж судлаачид дүгнэдэг. Бүгд Найрамдах нам чинээлэг, цагаан арьстнуудын, Ардчилсан нам нь орлого багатай иргэд, хар арьст сонгогчдын саналыг татаж ирсэн 200 жилийн уламжлал өнөөдөр ч хэвээр хадгалагдаж ирсэн.

Энэ байдал нь Ерөнхийлөгчийн сонгуулиар тод илэрдэг.

Жишээ нь өнгөрсөн 2016 оны сонгуульд цагаан арьст сонгогчдын олонх нь Д.Трампад саналаа өгчээ. Д.Трампын ялалт бол нийт сонгогчдын 70 хувийг бүрдүүлж буй цагаан арьст сонгогчдын 58 хувь нь түүнийг дэмжсэний үр дүн гэж судлаачид үзэж байсан. Д.Трамп цагаан арьстнууд, тэр дундаа боловсрол багатай цагаан арьстнуудын саналыг голчлон авсан байдаг. Харин цагаачид, орлого багатай иргэд, хар арьст сонгогчид Хиллари Клинтонд саналаа өгсөн.

Нийгэм дэх тэгш бус байдал, анги давхаргын ялгаа ийм хүчтэй байдгаас Берни Сандерсийн анхлан дэвшүүлсэн орлогын тэгш хуваарилалтыг бий болгох, ядуу иргэдийг төрөөс дэмжих, их дээд сургуулиудыг төлбөргүй болгох зүүний бодлогууд сонгогчдыг татах болсон байна.

Дээр дурьдсанаас харахад Америкийн 232 жилийн түүхтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаа “Лидерийн хомсдол”-той нөхцөлд үзэл баримтлалын хувьсгал гэмээр шинэ хэв маягаар ид өрнөж байна.