Бямба гарагийн өглөө Умард Солонгосын эрх баригчид нутаг дэвсгэрт нь хоёр удаа нисгэгчгүй онгоц нэвтрүүлсэн хэрэгт Өмнөд Солонгосыг буруутгаж, ийм өдөөн хатгалгынхаа төлөө “өндөр үнэ” төлөхийг анхааруулжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард болон энэ долоо хоногийн эхээр хоёр удаа ийм үйлдэл давтагдсаныг тэд мэдэгдэлдээ дурдсан байна.
Дараа нь Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд уг мэдэгдлийг няцааж, Пёняны мэдэгдлийн гэрэл зурагт үзүүлсэн нисгэгчгүй онгоц нь Өмнөд Солонгосын армийн зэвсэглэлд байдаггүйг баталжээ.
“Цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргийн хар дарсан зүүднээсээ салаагүй байгаа энэ цаг үед бид хэрхэн ийм зүйл хийж зүрхлэх билээ?” гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ан Кю Бак өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлсэн байна.
Ингэхдээ тэр Умард Солонгосын мэдэгдэлд дурдсан өдрүүдэд Өмнөд Солонгосын арми ямар ч агаарын нислэг, ажиллагаа зохион байгуулаагүйг баталсан юм.
Ан сайд уг асуудлыг хоёр Солонгосын тал хамтран шалгах ёстойг онцолжээ.
Умард Солонгосын тал мэдэгдэлдээ нэгдүгээр сарын 4-ний өдөр Өмнөд Солонгосын Инчон мужийн Ганхва дүүргийн нутаг дэвсгэрээс орж ирсэн нисдэг биетийг хилийн Кэсонг хотын орчимд электрон зэвсгийн тусламжтай унагасныг дурдсан байна.
Бас өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын хилийн Пажу хотоос орж ирсэн дроныг ижил зэвсгээр унагаснаа баталжээ.
Уг мэдэгдлийн мөрөөр нарийвчилсан шалгалт явуулахыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
“Урьдчилсан шалгалтаар Өмнөд Солонгосын армийн зэвсэглэлд ийм дрон байдаггүй, тухайн өдрүүдэд дронтой холбоотой ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон. Бид Умард Солонгосыг өдөөн хатгах бодолгүй бөгөөд хоёр Солонгосын харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжааж, итгэлцлийг бий болгохын тулд практик хүчин чармайлт гаргасаар байх болно” гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалахын дэд сайд Ким Хон Чол мэдэгджээ.
Өмнөд Солонгосын армийн удирдлага бас тухайн өдрүүдэд Умард Солонгосыг чиглэсэн ямар ч нисдэг биет радарын системд нь бүртгэгдээгүйг мэдэгдсэн байна.
Гэхдээ Өмнөд Солонгосын радарын систем зөвхөн Умардын талаас ирэх агаарын биетүүдийг хянахад чиглэдэг тул өөрийн талаас гарах биетүүдийг хянахад хүндрэлтэй байдгийг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!