Уншиж байна ...

Венесуэлийн газрын тосыг тээвэрлэгч тав дахь хөлгийг олзолж авснаа АНУ-ын эрх баригчид мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 11 цаг 26 минут
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа Венесуэлийн газрын тосны экспортыг гартаа оруулах хүчин чармайлтын хүрээнд Карибын тэнгист тав дахь тээвэрлэгч хөлгийг олзлон авснаа өчигдөр мэдээлжээ.

“Olina” нэртэй уг тээвэрлэгч өмнө нь дэлхийн хэд хэдэн улсын хориг арга хэмжээгээр шийтгүүлж байсан юм байна.

АНУ-ын албаныхны гаргасан тооцооллоор өнөөдөр дэлхий даяар 1,000 гаруй ийм хөлгөөс бүрдсэн “сүүдрийн флот” Орос, Венесуэл, Ираны хууль бус газрын тосыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг гэнэ.

“Манай агентлагуудын хамтарсан хүч гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар байхгүй гэсэн тодорхой анхааруулгыг өнөөдөр өглөө дахин өглөө” гэж АНУ-ын армийн Өмнөд тойргийн командлал Баасан гарагт мэдээлжээ.

Уг хөлөг Ням гарагийн орой буюу ерөнхийлөгч Мадурог баривчилсны маргааш Венесуэлийн эргээс хөдөлсөн юм байна.

Зугтаж явсан хөлгийг Баасан гарагийн үүр цайхаас өмнө АНУ-ын дотоод хэргийн яамны өгсөн заавар тушаалын дагуу тэнгисийн хүчний дайчид Карибын тэнгисийн усанд саатуулсан гэнэ.

Уг хөлөг нь Зүүн Тиморын далбаан дор хуурамч бүртгэлтэй аялж байжээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Minerva M” нэртэй байсан “Olina” хөлгийг АНУ-ын засаг захиргаа Оросын хууль бус газрын тосыг тээвэрлэдэг гэсэн үндэслэлээр хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмж байв.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын эрх баригчид Карибын тэнгис болон Атлантын далайд явуулсан дараалсан ажиллагааны үр дүнд Венесуэлийн газрын тосыг тээвэрлэдэг хоёр хөлгийг олзолсон юм.

Тэдний нэг нь Оросын далбаан дор хөвдөг “Marinera” хөлөг байжээ. Оросын эрх баригчид уг хөлгөө хамгаалуулахаар шумбагч илгээсэн ч АНУ-ын тал Их Британийн тэнгисийн хүчний дэмжлэгтэйгээр Атлантын далайд өмнө нь олзолж амжсан юм.

Карибын тэнгист олзлогдсон хоёр дахь хөлөг нь “Sophia” нэртэй тээвэрлэгч байжээ.

Дэлхийн хамгийн том батлагдсан нөөцтэй Венесуэл улсаас 50 сая тонн баррель газрын тосыг АНУ-ын мэдэлд авах төлөвлөгөөтэй байгаагаа ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногт мэдэгдсэн.

Үүнийг зах зээлийн үнэ ханшаар борлуулахад $2.8 тэрбум болох бөгөөд энэ мөнгийг Венесуэлийн ард түмний ашиг тусын төлөө зориулахад хяналт тавихаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио амлажээ.

Өчигдөр бас АНУ-ын дипломатчид Каракас хотод элчин сайдын яамаа дахин нээх боломжийг судлахаар Венесуэлд айлчилсан байна.

Хоёр улсын дипломат харилцааг ерөнхийлөгч Николас Мадурогийн санаачилгаар 2019 онд тасалж байв.

 

Эх сурвалж: BBC