Уншиж байна ...

Дэглэмийн эсрэг жагсагчдыг Ираны дээд удирдагч “Трампын таалалд нийцэхийг хичээж буй хорлон сүйтгэгчид” гэж нэрлэв

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 10 цаг 14 минут
iKon.MN
Зураг зураг

Тегераны дэглэмийн эсрэг жагсагчдыг Ираны дээд удирдагч АНУ-ын ерөнхийлөгчид таалагдахыг хичээж буй “хорлон сүйтгэгчид” гэж нэрлэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп жагсагчдыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн нь тэднийг улам их эмх замбараагүй байдал үүсгэж, эвдэн сүйтгэхэд нөлөөлсөн гэж Аятолла Али Хамени үзэж байна.

Өнгөрсөн сарын сүүлээр эдийн засгийн хүндрэлийг тэвчихэд хэцүү болсон Ираны иргэд засгийн газрынхаа эсрэг томоохон жагсаал тэмцэл эхлүүлсэн нь өчигдөр 13 дахь өдрөө үргэлжилжээ.

Жагсагчдын ихэнх нь тус улсад 1979 оны хувьсгалаар тогтсон Исламын дэглэмийг түлхэн унагаж, хаант засаглалаа сэргээхийг уриалж байна.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд жагсагчдын талаас 48 хүн, хууль хүчний байгууллагуудаас 14 албан хаагч амиа алджээ.

Сүүлийн нэг хоногт Иран даяар интернэт сүлжээ тасраад байгаа.

“Исламын Бүгд Найрамдах Улс олон зуун мянган баатарлаг хүмүүсийн цусаар байгуулагдсаныг хүн бүр мэдвэл зохино. Тиймээс үүнийг үгүйсгэдэг хүмүүсийн өмнө бид бууж өгөхгүй” гэж 86 настай Хамени өчигдөр телевизээр мэдэгджээ.

Норвегид төвтэй Ираны Хүний Эрх (IHR) байгууллагын тооцоолсноор арванхоёрдугаар сарын 28-нд тэмцэл эхэлснээс хойш 51 хүн хууль хүчнийхний гарт алагдсаны ес нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа гэнэ.

Үүнээс гадна эрх баригчид 2,277 орчим хүнийг баривчилжээ.

Хаменид үнэнч Исламын Хувьсгалт Гвард өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Иранд үүссэн нөхцөл байдал цаашид үргэлжлэхийг тэвчихгүйгээ анхааруулсан байна.

1979 онд Исламын хувьсгалаар түлхэн унагаагдсан Ираны сүүлчийн шахын хүү Реза Пахлави өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчид хандан “Ираны ард түмэнд туслахад бэлэн байх”-ыг уриалжээ.

Хувьсгалын дараа гэр бүлээрээ гадаадад дүрвэсэн шахын үр удам одоо АНУ-ын нийслэл Вашингтон хотын ойролцоо амьдардаг юм.

Пүрэв гарагт эрх баригчид Иран даяар интернэт сүлжээг хаасан нь иргэдийн жагсаал тэмцлийг хүчээр нухчин дарах гэж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Үүнээс өмнө 2022 онд олон нийтийн дунд зохисгүй хувцасласан шалтгаанаар цагдаагийн газарт хоригдож байхдаа Махса Амини хэмээх залуу курд бүсгүй учир битүүлэг шалтгаанаар амиа алдсаны дараа Иран даяар томоохон тэмцэл өрнөж байсан юм.

Хэдэн сар үргэлжилсэн энэ тэмцлийн үеэр 550 гаруй хүн алагдаж, 20,000 орчим хүн баривчлагдан хоригдож байжээ.

 

Эх сурвалж: BBC