АНУ-ын хүсэлтээр өнгөрсөн онд Францын цагдаа нарт баригдсан сагсан бөмбөгчин Данийл Касаткинаг хоригдол солилцоогоор суллаад Москвад хүргэгдсэн талаар түүний хуульч сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Коллежийн багт тоглож байсан Данийл Касаткинаг өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд АНУ-ын хүсэлтээр Парисын нисэх онгоцны буудалд саатуулсан аж.
Америкийн тал 26 настай сагсан бөмбөгийн тамирчин эрийг цахим залилангийн хэрэгт буруутгаж байсан юм. Тодруулбал АНУ-ын хувийн компани болон холбооны байгууллагуудын эсрэг хакерын үйл ажиллагаа явуулсан бүлэглэлийн гишүүн байсан гэж үзэж буй.
Харин Д.Касаткина үүнийг үгүйсгэсэн юм.
Оросын төрийн мэдээллийн РИА агентлаг түүний өмгөөлөгч Фредерик Белотоос энэ талаар тодруулахад "Касаткина орон нутгийн цагаар Лхагва гарагийн орой суллагдсан. Тэр одоо хэдийнээ Москвад очсон байгаа" гэв.
Ф.Белот өмнө нь үйлчлүүлэгчээ "Компьютерын талаар ямар ч мэдлэггүй. Түүний төхөөрөмжийг хакерууд ашигласан" гэж мэдэгдэж байв.
Оросууд хоёр долоо хоногийн өмнө Москвагийн шоронд тагнуулын хэргээр хоригдож байсан франц судлаач Лоран Винатьег ялтан солилцоогоор буцааж авах эсэхийг Францын талтай холбогдсон гэх мэдээлэл тархсан. Л.Винатье 2024 онд тагнуулын хэргээр Москвагийн шүүхээс 3 жил хорих ял сонссон аж.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!