Уншиж байна ...

Сири улсын нутаг дэвсгэр дэх Исламын Улс бүлэглэлийн байрлалуудад АНУ “том хэмжээний агаарын цохилт” өгөв

Т.Давааням, ikon.mn
3 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ болон түүний холбоотнууд Сири улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Исламын Улс зэвсэгт бүлэглэлд “том хэмжээний агаарын цохилт” өгснөө мэдээлжээ.

Энэ нь өнгөрсөн сард АНУ-ын гурван иргэний амь насанд халдсан үйлдлийн хариу арга хэмжээ байсныг Вашингтоны албаны эх сурвалж тайлбарласан байна.

Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Палмира хотод АНУ-ын хоёр цэргийн алба хаагч, нэг орчуулагч амиа алдсан нь Исламын Улс бүлэглэлийн нэг гишүүний зэвсэгт халдлагын үр дүн байсан юм.

“Өнөөдрийн цохилтууд Сири даяарх Исламын Улс бүлэглэлийн байрлалуудад чиглэсэн. Энэ ажиллагаа нь Палмира хотод АНУ болон Сирийн зэвсэгт хүчний эсрэг үйлдсэн халдлагын шууд хариу арга хэмжээ байлаа” гэж АНУ-ын армийн Төв Тойргийн Командлал мэдээлжээ.

Өнгөрсөн сард АНУ болон Йорданы зэвсэгт хүчин мөн ижил ажиллагаа явуулахдаа тус террорист байгууллагын олон арван байг онилж байв.

Палмирад болсон явдал нь 2024 оны арванхоёрдугаар сард Сирийн дарангуйлагч Башар аль-Ассадын дэглэм унаснаас хойш Америкийн иргэдийн эсрэг чиглэсэн анхны ийм халдлага болж байжээ.

2014 онд Сири, Иракийн нэлээд хэмжээний нутаг дэвсгэрийг эзэлсэн Исламын Улс бүлэглэлийг сүүлд АНУ болон түүний холбоотнууд бут цохисон боловч үлдэгдэл хэсэг нь Сирийн цөлөрхөг бүс нутагт хяналтаа тогтоосон хэвээр байгаа.

Ерөнхийлөгч Дональд Трамп удаан хугацаанд эргэлзсэний эцэст АНУ-ын цэргийг Сириэс гаргалгүй үлдээхээр болж байв.

Эхлээд тэр нэгдүгээр бүрэн эрхийнхээ хугацаанд цэргээ гаргах тушаал өгч байснаа сүүлд цуцалсан юм.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Сирийг хариуцсан АНУ-ын тусгай элч Том Баррак тус улс байрлуулсан цэргийнхээ тоо хэмжээг аажмаар бууруулсаар зөвхөн нэг бааз үлдээх зорилготой байгааг мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: AFP