Уншиж байна ...

Путиний өргөөнд халдсаны хариуд Оросын тал хоёр дахь удаагаа “Орешник” пуужинг Украины эсрэг хэрэглэжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 9 цаг 36 минут
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой Оросын тал Украины хотууд руу томоохон агаарын довтолгоо явуулахдаа баруун бүсийн Львов хот руу “Орешник” баллистик пуужин харвасныг Киевийн эрх баригчид мэдээлжээ.

Энэ удаагийн довтолгооны үеэр нийслэл Киев хотод дөрвөн хүн алагдаж, 25 хүн шархадсан байна.

Оросын эрх баригчид Орешник пуужинг хоёр дахь удаагаа дайнд хэрэглэсэн нь энэ юм.

Өмнө нь 2024 оны арваннэгдүгээр сард Украины төвийн бүсийн Днипро хот руу анх удаа ийм зэвсгээр довтолж байжээ.

Уг цохилтыг ОХУ-ын батлан хамгаалах яам Украины тал өнгөрсөн сард Путиний өргөөнд нисгэгчгүй онгоцоор халдсаны “хариу арга” хэмжээ гэж тайлбарласан байна.

Гэхдээ Орешник пуужингийн бай юу байсан талаар мэдэгдэлдээ дурдаагүй юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский баллистик пуужин Львов хотын дэд бүтцийг оносныг баталжээ.

Тус хот нь Польшийн хилээс ердөө 60 км зайд оршдог юм.

Орешник бол дунд тусгалын (5,500 км хүртэл), дуунаас хурдан баллистик пуужин.

Уг пуужингийн цэнэгт хошуу байндаа хүрэхийн өмнө хэд хэдэн хэсэгт задардаг тул нэг зэрэг их хэмжээний хохирол учруулдаг юм байна.

“Европын Холбоо болон НАТО-гийн хилийн ойролцоо санаатай ийм цохилт өгсөн нь Европ тивийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж, Атлантын далай дамнасан хамтын нийгэмлэгийн хувьд том сорилт болж байна” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мэдэгджээ.

Тэрбээр үүнийг “Путин өөртөө харагдсан хий үзэгдэлд хариу үйлдэл үзүүлсэн хэрэг” гэж дүгнэсэн байна.

Украины дронууд Путиний өргөөнд халдсан гэх Оросын мэдэгдлийг Европын Холбоо, АНУ-ын аль аль нь үгүйсгээд байгаа.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Путин энх тайвныг хүсэхгүй байна. Дипломат яриа хэлэлцээнд Оросын үзүүлэх хариу үйлдэл бол пуужин, сүйрэл юм. Оросын энэ аюул занал үүнийг таслан зогсооход нь биднийг Украинд туслах хүртэл давтагдах болно” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

Орешникоос гадна өөр 13 баллистик пуужингаар Оросын тал нэг шөнийн дотор Украины эрчим хүчний дэд бүтэц, иргэний байгууламжуудад довтолсныг Зеленский мэдээлсэн байна.

Оросын тал бас энэ удаа 22 далавчит пуужин, 242 нисгэгчгүй онгоц ашиглажээ.

Энэ үеэр Катарын элчин сайдын яамны барилга гэмтсэн гэнэ.

Оросын тал өвлийн улиралд эрчим хүчний дэд бүтцүүдэд довтолж байгаа нь Украины иргэдийн санаа сэтгэлийг унагах зорилготой.

Өчигдөр Киевийн захирагч Виталий Кличко боломжтой бол гэрээсээ өөр дулаан газарт өвөлжихийг оршин суугчдадаа уриалсан байна.

“Нийслэлийн амин чухал дэд бүтцүүдэд дайснууд халдсаны улмаас Киевийн нийт орон сууцнуудын тал хувь буюу 6,000 орчим нь халаалтгүй болоод байна” гэж тэр мэдэгджээ.

Украины тал ч бас Оросын цохилтын эсрэг ижил хариу арга хэмжээ авч, эрчим хүчний дэд бүтцүүдэд нь халдаж эхэлсэн.

Пүрэв гарагийн шөнө Украины хотууд халдлагад өртөж байх үед ОХУ-ын Белгород мужийн хагас сая иргэн эрчим хүчний хангамжаас таслагдсан байна.

Үүнийг эрчим хүчний дэд бүтцэд нь Украины талаас халдсантай холбоотой гэж орон нутгийн эрх баригчид тайлбарлажээ.

Өчигдөр бас Оросын Орёл хотын цахилгаан станц Украины цохилтод өртсөний улмаас тус хотод иргэдийн цахилгаан, халаалт тасалдсан байна.

 

Эх сурвалж: BBC