Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Иргэд эрүүл мэндээрээ, эмнэлгийн ажилтнууд амьдралаараа хохирч болзошгүйг анхааруулъя" сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа "Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал тулгарч байгаа.
Энэ утгаараа иргэд эрүүл мэндээрээ, эмнэлгийн ажилтнууд амьдралаараа хохирч болзошгүй байна. Бид УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад зургаан заалт бүхий албан шаардлага хүргүүлэхээр хэлэлцэн баталсан. Өнөөдөр энэхүү шаардлагаа өгнө.
Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо дөрвөн жил гаруйн хугацаанд хэрэгжлээ. Үүнээс үүдэлтэйгээр олон асуудал тулгарч байна.
Одоогийн нөхцөл байдлыг дурдвал Эрүүл Мэндийн Даатгалын санхүүжилтээ авч чадахгүй байна.
Санхүүжилтийн гүйцэтгэлд хязгаарлалт тавьсан учраас эмнэлгүүдэд хуваарилсан санхүүжилтийн
Өнгөрсөн оны санхүүжилтийг 30 хувиар бууруулж энэ жилийн санхүүжилтийг олгож буй явдал нь эмч ажилтнууд цалингаа авч чадахгүй, иргэд эмнэлгээр үйлчлүүлж чадахгүй, эмнэлгүүд олон эм тарианы өрөнд орох зэрэг хүндрэлийг үүсгэж байна.
2024-2025 онд эм ханган нийлүүлэх өглөгтэй байгууллагын баримтууд бий.
Ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Энэ асуудлыг холбогдох дээд байгууллагуудад хэлж, шийдэх албан бичгүүдийг эмнэлгүүдийн зүгээс өгсөөр.
Өр үүссэн тухайгаа бичиж, тулгамдсан асуудлаа ирүүлсэн хэд хэдэн эмнэлэг байна.
2025 онд Эрүүл Мэндийн Даатгалтай байгуулсан гэрээ нь гуравдугаар сараас эхлээд арванхоёрдугаар сар хүртэл 7.9 тэрбум төгрөг байхаар тоо хэмжээг нь тогтоож өгсөн. Энэ нь өнгөрсөн оны санхүүжилтийг 30 хувиар бууруулсан дүн.
Тиймээс ч эм тариа, урвалжийн бодист нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан. Одоо үүссэн өр нь 3.1 тэрбум төгрөг гэх мэдээллийг ирүүлсэн.
Дээрх нөхцөл байдлыг онцгойлон анхаарч асуудалд хандахгүй бол эмнэлгүүд орон тооны цомхотгол хийгээд эхэлжээ" гэдгийг ярилаа.
Үргэлжлүүлэн "Эмнэлгүүд цомхотгол хийхдээ хоёр тасгийг нэгтгэх буюу мэдрэл, дотрын тасгийг нийлүүлж байх жишээтэй.
Манай эрүүл мэндийн салбарт орон тооны хомсдол их. Ялангуяа сувилагчдын хомсдол их байгааг бодолцох учиртай. Үүнээс гадна ажлын байрны дарамт их. Нэн ялангуяа үйлчлүүлэгчдээс ирэх дарамт маш их. Тэр байтугай зөв, бурууг нь ялгахгүй шууд лайв бичлэг хийж эмч ажилтнуудын нэр хүндэд халддаг.
Энэ бүх дарамтын суурь шалтгаан нь нөгөө санхүүжилт. “Чи намайг үзсэнгүй. Чи надад бага эм, тариа хийлээ”, “Ийм бага мөнгөөр намайг чи эмчиллээ” гэх мэтчилэн үйлчлүүлэгчдийн дарамт хэрээс хэтэрсэн.
Одоо хэвтэн эмчлүүлэх эмчилгээ байхгүй өдрийн эмчилгээг хийж байна. Үйлчлүүлэгчдийн өдрийн эмчилгээ нь хүссэн үр дүнгээ өгч чаддаггүй.
Дараагийн асуудал орон нутагт тулгамдаж байна. Алсын дуудлагад явдаг эмч, ажилтнуудын хувьд томилолтын мөнгөний асуудал тулгардаг. Өөр газар руу дуудлагад яваад очиход ямар газарт байрлах зэргээр буудаллах зардал мөнгөний асуудлыг хангадаггүй.
Ийм хүнд нөхцөл байгаа учраас эдгээр асуудлыг УИХ, Засгийн газарт тавья.
Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхийн тулд жил бүрийн тавдугаар сард бид жагсдаг. Салбарынхаа хөгжлийн төлөө дуу хоолойгоо хүргэж хамтаараа хөгжихгүй бол сүүлийн 20, 30 жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй" гэв.
Түүнчлэн "Эрүүл мэндийн салбарынхан 10 гаруй жил суралцаж, сургуулиа төгсөөд нарийн мэргэжил эзэмшдэг. Тэд маш хүнд ачаалалтай, хариуцлагатай ажлыг хийж байна. Гэвч үндсэн цалин нь хоёр сая төгрөгт ч хүрэхгүй.
Шөнийн нойроо хугаслаад эрүүл мэндээрээ хохирч байж илүү цагийн мөнгөө нийлүүлж хоёр, гурван саяыг авдаг байх.
Эрүүл мэндийн салбарт бодлогын бодитой шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Үүнд төр, засаг анхаарахыг шаардаж, жил болгоны тавдугаар сард дуу хоолойгоо хүргэдэг.
Ажлын сүүлийн өдөр тавдугаар сарын 30-нд жагсаал цуглаан хийх мэдэгдлээ өгсөн боловч олон үйл ажиллагаа давхацсан учраас жагсаал цуглааныг бүртгэж авахгүй гэсэн.
Ирэх саруудад буюу 8, 9, 10 сарын аль нэг өдөр эрүүл мэндийн салбарынхан жагсаал цуглаанаа албан ёсоор зохион байгуулна.
Бидний өнөөдрийн хэвлэлийн хурлыг та бүхэн битгий улс төржүүлж хараарай. Энэ бол улс төртэй холбоогүй. Бид салбарынхаа хөгжлийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилготой" гэдгийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нэмж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!