2025 он гарснаас хойш нийслэл хотод улаанбурхан өвчний 4,209 тохиолдол батлагдсан байна.
Эдгээр тохиолдолд хийсэн тандалт, хариу арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаа танилцууллаа.
Тэрбээр "Дүүргүүдээр нь судалж үзэхэд хамгийн их тохиолдол Баянзүрхэд бүртгэгдсэн. Тус дүүрэгт нийт тохиолдлын 30 хувь буюу 1,226 тохиолдол бүртгэгджээ. Мөн Хан-Уул дүүрэгт 21 хувь нь буюу 900, Баянгол дүүрэгт 17 хувь буюу 708 тохиолдол, Сонгинохайрхан дүүрэгт 666, Чингэлтэйд 280, Сүхбаатарт 270, Багануур 73, Налайх 12 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хөдлөл зүйг харвал нийслэл хотод анх хоёрдугаар сарын 18-нд улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан. Үүнээс хойш өдөртөө 1-2 тохиолдол илэрч байсан бол тавдугаар сарын 1-нээс эхлээд өдөрт батлагдах тохиолдол 120, тавдугаар сарын 25, 26-нд нэг өдөрт 265 тохиолдол илрэх нь ч байлаа. Сургууль, анги хамт олныг хамарсан, дүүргүүдэд хүүхдүүдийг хамруулсан болон нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан үйл ажиллагааны дараа халдвар ихээхэн илэрч байна.
Өвчилсөн хүүхдүүдийн вакцинд хамрагдалтыг үзэхэд:
Түүнчлэн хавьтлын судалгааг 46,816 хүүхдэд хийж, дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг тодруулж, хамрагдаагүй хүүхдүүдэд голомтын дархлаажуулалтыг хийлээ. Голомтын дархлаажуулалтад 39,075 хүүхдэд хамрагдсан" гэв.
Өөрөөр хэлбэл нийслэлд өвчилсөн хүүхдүүдийн 85.6 хувь нь дархлаажуулалтад огт хамрагдаагүй болон зөвхөн нэг тунгаа хийлгэсэн эсвэл хийлгэх нас нь болоогүй хүүхдүүд байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ есөн сар, хоёр настайдаа вакцин хийлгэж, дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан эсэхийг шалгаж, хэрэв дутуу хийлгэсэн байвал өрх,сум, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж, нөхөн дархлаажуулалтдаа хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!