Уншиж байна ...

Японы эрдэмтэд далайн усанд уусдаг хуванцар материал бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы хэсэг эрдэмтэд далайн усанд хэдхэн цагийн дотор бүрэн уусдаг хуванцар материал бүтээснээ танилцуулжээ.

Өнөөдөр хуванцрын хэт хэрэглээ байгаль орчныг бохирдуулж, зэрлэг ан амьтад төдийгүй хүмүүст аюул занал учруулах болсон.

Орон орны эрдэмтэд судлаачид биологийн задралд ордог хуванцар бүтээхээр ажиллаж байгаа.

Тэгвэл Токиогийн Их Сургууль болон RIKEN материалын судалгааны төвийн эрдэмтэд богино хугацаанд бүрэн задарч, ямар нэг ул мөр үлдээдэггүй хуванцрыг бүтээсэн байна.

Тэд Сайтама мужийн Вако хот дахь лабораторид зохион бүтээсэн хуванцрынхаа хэсгийг давстай усанд хийгээд нэг цаг орчмын дараа уусан алга болж байгааг харуулжээ.

зураг
 
зураг
 

Одоогоор тэд бүтээлээ хэрэглээнд нэвтрүүлэх талаар ямар нэг төлөвлөгөөгүй байгаа ч сав баглаа боодлын бизнес эрхлэгчид ихээхэн сонирхож буйг төслийн удирдагч Такүзо Айда хэлсэн байна.

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр далай тэнгисүүдэд жил бүр 23-37 сая тонн хаягдал нэмэгдэж, 2040 он гэхэд хуванцрын бохирдлын хэмжээ дэлхий даяар гурав дахин өсөхөөр байгааг тооцоолсон байдаг.

“Үр хүүхдүүд маань амьдрах гарагаа сонгож чадахгүй. Эрдэмтэд бидний үүрэг бол тэднийг хамгийн сайхан орчинд үлдээх явдал юм” гэж Айда хэлжээ.

Түүний тайлбарласнаар шинэ материал нь нефтийн хуванцар шиг бат бөх боловч давсны нөлөөгөөр анхдагч бүрэлдэхүүн хэсэг болж задардаг гэнэ.

Тэдгээр бүрэлдэхүүн хэсгүүд дараа нь байгалийн гаралтай нянгаар боловсруулагдаж, ямар нэг бичил хэсэг үлдээдэггүй ажээ.

Зөвхөн далайд ч биш, хөрсөнд давс агуулагддаг тул таван сантиметр орчим хэмжээтэй хэсэг нь 200 гаруй цагийн дараа хуурай газарт задрах боломжтой гэнэ.

Одоо Айдагийн баг уг материалаа бүрэх арга технологид анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа юм байна. Хэрвээ ингэж чадвал ердийн хуванцар шиг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох гэнэ. Шинэ материал нь хоргүй, шатдаггүй, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүйг Айда баталжээ.

 

Эх сурвалж: Reuters