Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Гён Ху: Баянголын амны 2,007 айлын орон сууц нь сургууль, цэцэрлэг болон байгальд ээлтэй парктай байна. Нийт төсөв 94 сая ам.доллар

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2,007 айлын орон сууцны хороолол барих төслийн явцын талаар өнөөдөр албаны хүмүүс танилцууллаа.

Энэ тухай НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Баянголын ам буюу бидний нэрлэж заншсанаар Найрамдал зуслан руу явах замд БНСУ-ын ЭКСИМ банкны нэн хөнгөлөлттэй зээлээр орлогод нийцсэн орон сууц баригдаж байна. Уг ажилтай өнөөдөр танилцаад явж байна" гэв.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Ил Сүнг” компанийн Монгол дахь салбарын захирал Ким Гён Ху "2,007 айлын орон сууцыг барих нь гэр хорооллыг багасгаж, агаарын байдлыг сайжруулах зорилготой. 

Орон сууцны хорооллын дунд сургууль, цэцэрлэг, Баянголын ам дагуу байгальд ээлтэй парк, хоёр талдаа буюу урд, хойд зүгт орц, гарц баригдана.

Баянголын ам төслийн нийт төсөв 94 сая ам.доллар. Хөрөнгө мөнгө нь EDCF/Economic Development Cooperation Fund/-ээс гарч байгаа. Төслийн захиалагч НЗДТГ. Хяналтын алба нь БНСУ-ын AUM&Lee компани.

Барилгын ажлыг 36 сарын турш гүйцэтгэнэ. Төслийг бүрэн дуустал нийт 48 сар зарцуулна.

2,007 айлын орон сууц нь A-E хүртэл таван загвартай. Ихэвчлэн нэг өрөөтэй. Зөвхөн D хэсэгт хоёр өрөө орон сууц баригдана. Том өрөө, унтлагын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс бүрдэнэ. Дулаан гарааштайгаа нийлээд 11 давхар, 14 блок барилга, төмөр каркас хийцлэлтэй баригдана" гэж танилцууллаа.

БНСУ-ын ЭКСИМ банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас/EDCF/ 94 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг 136 сарын дараа буюу 2030 оноос эхлэн 2060 онд төлж дуусгах нөхцөлтэй, жилийн 0.15%-ийн хүүтэй олгожээ.

Төслийн туслан гүйцэтгэгч "Сүмбэр Цамхаг" компанийн захирал Э.Дэлгэрмаа "Баянголын ам төсөл буюу 2,007 айлын орон сууцанд 2027 оны зургаадугаар сард улсын комисс ажиллуулж, наймдугаар сард ашиглалтад орно.

Эдгээр нь орлогод нийцсэн орон сууц. Энэ оны гуравдугаар сарын 1-нээс орон сууцыг барих бүх бэлтгэл ажил эхэлж, гуравдугаар сарын 15-наас барилгын үндсэн ажил тасралтгүй ажиллаж, өнөөдрийн байдлаар 4.5%-д хүрлээ.

Баянголын ам салхи ихтэй бүс тул энэ оны аравдугаар сард орон сууцны барилгын бүх угсралтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн.

Барилгын талбай дээр 420 гаруй монгол хүн ажиллаж байгаа, туслан гүйцэтгэгчээр монгол компани ажиллаж байгаа юм.

Орон сууцны хороолол нь 960 хүүхдийн сургууль, 620 хүүхдийн цэцэрлэг, 1,008 автомашины зогсоол баригдана" гэв.

Харин 960 хүүхдийн сургууль, 380 хүүхдийн ортой цэцэрлэгийг НЗДТГ ирэх онд нийслэлийн төсвөөр барих үүрэг хүлээжээ.

2,007 айлын орон сууц нь 38-47м.кв талбай бүхий 1-2 өрөөтэй, дулааны төвлөрсөн шугамтай, орлогод нийцсэн аж. Эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх боломжтой байх юм байна.