Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Баянхошуу Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд хэрэгжүүлж буй.
Төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэдийн мэдээлснээр тус спорт цогцолборын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх намар гэхэд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх юм байна.
Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй спорт цогцолборын барилга нь 650 хүний суудалтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон стандарт хангасан фитнес заалтай баригдана.
Олон нийтийн хөгжлийн төвтэй байх бөгөөд спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, эргэн тойрны иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх бүрэн боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.
Мөн Баянхошуу хайрхны бэлд цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай бүхий спортын талбай, дугуйн зам, усан оргилуур бүхий цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!